Шоовдорлогдон үлдсэн гэр хорооллын амьдрал…
Иргэдийн өнөөгийн амьдрал, өрхийн эдийн засгийн бодит байдлыг хамгийн ойроос, хамгийн бодитоор нь хүнсний дэлгүүрийн өрийн дэвтрээс харж болохоор байна. Монгол Улсын эдийн засаг өсөж, уул уурхайн баялгаас олох орлого үлэмж нэмэгдэж байгаа хэдий ч иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, ахуй амьдралдаа ч хүрэлцэхгүй бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд дарлуулж амьдарч байгаа юм. Эрх баригчдын ярьдаг улс орны аж амьдрал сайжирч байгаа гэх ярианд итгэл алдарснаа илэрхийлэх иргэд хотын хаа сайгүй.
Хоосон хонохгүйн тулд дэлгүүрийн худалдагч нарт цахим үнэмлэх, элдэв бичиг баримт барьж очин, өдрийн хэрэгцээний хүнсээ зээлээр авч иргэд өрнөөс өрний хооронд өндийх тэнхэлгүй ажиллаж амьдарсаар байгааг дэлгүүр оршин суугч хоёрын асуудал гээд орхигдуулсаар л байх уу ?
Тиймээс нийслэлийн захын гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр орж иргэдийн худалдан авалт болон өрийн дэвтрийн талаар сурвалжиллаа.
Шар хадны эцэс 44-р гудамжны 666 тоотод байрлах “Бортын хайрхан” хүнсний дэлгүүрийн худалдагч Т.Гамаа “Манайхаар орж ирдэг хүмүүс дунджаар өдөрт 20-30 мянган төгрөгөөр хоол хүнсний юм авах гэж зээл тавьдаг. Би ер нь зээл өгөхгүй байхыг л хичээдэг, эргээд төлдөг ч хүн байна төлөхгүй ч хүн байна. Тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгө цалин буух үеэр л хүмүүс өрөө төлдөг. Сайн мэддэг таньдаг найдвартай хүмүүсдээ л зээл өгдөг дөө” гэлээ.
Г.Оюун: Залуучууд нь ажилгүй, хоолны махаа ч авч чадахгүй нохойнд өгдөг махан таташ жижиглэн аваад л өдрийн хоолоо залгуулж байна.
Дараагийн очсон газар бол Чингэлтэй дүүрэг 20-р хороо Хөтөлийн 18-р гудамжны “GREEN MART” дэлгүүр байсан юм. Худалдагч Г.Оюун нь дэлгүүр ажиллуулаад 10-аад жил болж байгаа. Тэрээр “Гэр хорооллын иргэдийн амьдрал хэцүү шүү дээ, хоосон хонохгүйн тулд цалин мөнгөө буухаар өгье гээд зээл асуугаад л ороод ирнэ шүү дээ. Дээд тал нь 50-80 мянган төгрөгний зээл авдаг итгэлцэл дээр тогтоод л энэ хавийхандаа зээл олгож байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд л хэцүү юм их, жишээлбэл гурилан бүтээгдэхүүн нэмэгдэхгүй байхдаа гээд л найдлага тавьж байтал үсрээд л хоёр гурван сарын дараа ямар ч тодорхойгүй шалтгаанаар 500-700 төгрөгөөр нэмэгдэх жишээний энэ нь их бага хэмжээгээр ард иргэдийн амьдралд нөлөөлж л байна. Цалин мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байгаа болохоор л иргэд зээл тавьж байна л гэж боддог. Амьдралын түвшин нь нилээн доогуур айл манай энэ хавьд хэд хэд байна. Олон юмнаас л шалтгаалж байна хувь хүний ухамсрын асуудал ч ажиглагдана. Архины хамааралтай хүмүүс ч олон байна амьдралын төлөө бүр үнэхээр их хичээж байгаа ч хүмүүс байна. Хүүхдээ дагуулж орж ирчихээд шил архи аваад хүүхэд нь 2000 төгрөгний үнэтэй чихэр авах гэхэд яасан үнэтэй юм авдаг юм гээд зэмлэх эцэг эх ч байна. Төр засаг нь илүү сайн тулж ажиглаад шинэчлэлт хийгээсэй л гэж боддог. Сонгууль дөхөөд ирэхээр манай энэ нам гүм газар чимээ ороод л нөгөө улс төрчид маань жигтэйхэн бидэндээ хайртай болоод л хийе хэрэгжүүлье л гэнэ сонгууль дууслаа тэгээд л алга болцгоодог доо.”
Танайхтай ойрхон дэлгүүр байгаа юу гэж лавлахад эндээс 800-900 метрийн зайд сургуулийн ойролцоо нэг дэлгүүр бий гээд зүг зааж өглөө. Дараагийн дэлгүүрээс ахин хэдэн зүйл тодруулахаар очтол нэг их хүн ордоггүй юм уу мэддэг нэг нь дуудаж байж үйлчлүүлдэг болов уу гэмээр бичиг хаалган дээрээ байршуулсан байсан юм.
Ажлын албан тасалгааны цонхоор ард иргэдийнхээ амьдралыг ажиглаад л цаг хугацааг элээхийн оронд өвөл нь халтиргаа гулгаатай, эгц өгсүүр гудам, харлаж хөлдсөн жалгын хажууд амьдарч буй иргэдийнхээ аж амьдралтай хэзээ ирж танилцах бол.Танилцаад л толгой сэгсрээд өнгөрөх биш төлөвлөж хэрэгжүүлж иргэдийнхээ магнайг тэнийлгэх дарга хэн байх бол...
Чингэлтэй дүүрэг Хайлаастын 61р гудамжны “НАНО ВИШН” дэлгүүрийн Худалдагч Т. Оюухай “Манай энэ хавьд гурван жил өрөө өгөөгүй явж байгаа айлууд байгаа. Ямар ч хэл чимээ байхгүй олдохгүй хүмүүс ч байна. Дийлэнх хүмүүс нь боломжгүй байгаа ямартай ч өгнөө л гэдэг. Сүүлд 8р сард хийсэн тооллогоор гэхэд л нийт өрөө өгөөгүй хүмүүсийн мөнгөн дүн 8сая бараг л 9 сая дөхөж байна. Эхэндээ худалдан авалт хийнэ зээл авна эргээд төлнө сүүлдээ утас нь холбогдохоо болиод л алга болчихно. Үлдээсэн бичиг баримт нь ямар ч хэрэггүй болоод л шургуулганд байж л байна.
Т. Оюухай :“Хамгийн гол буюу дэлгүүрийн эргэлдэх ёстой хөрөнгө мөнгө зээлийн дэвтэрт өр болоод л явж байна гэв.”
Хэд хэдэн хүнсний дэлгүүрээр ороход өрийн дэвтэргүй дэлгүүр байсангүй. Өрийн хувьд дээд тал нь 500-550 мянган төгрөг. Зээлээ өгөхгүй олон сар болж зарим нь огт орж ирэхээ больсон нүүсэн айлуудыг худалдагч нар араас нь нэхэл дагуул болж хайж, өрөө нэхдэг ихэнх нь боломжгүй байнаа л гэдэг гэв. Тогтвор суурьшилгүй, эргээд өгөх баталгаагүй айлуудад зээл өгөхгүй гэж хичээдэг ч худалдагчдаас гуйсаар байгаад авдгийг хэллээ.