Үндэсний Дээд Лигийн финалын тоглолт өчигдөр эхэлсэн. Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багуудын хооронд өрнөсөн финалын шатны эхний тоглолтын үеэр, Бишрэлт Металл багийн легионер тоглогч Дэвон Скотт Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч А.Азбаярын дагзанд цохин унагаж, спортын бус алдаа гаргасан юм.

Энэ талаар Бишрэлт Металл багаас мэдэгдэл гаргаж уучлал хүссэн бөгөөд багийн удирдах зөвлөлөөс Дэвон Скоттыг дараагийн хоёр тоглолтод тоглуулахгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Тоглолтод Бишрэлт Металл баг 85:82 харьцаагаар хожсон бөгөөд цувралын харьцаа 1-0 байгаа юм. Цувралын хоёр дахь тоглолт лхагва гарагт 19:10 цагаас болно.