Сургалт, судалгааны 403 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуульд Нийгмийн ажил хөтөлбөрөөр суралцдаг 522 дугаар дамжааны дэд түрүүч Б.Намжилмааг “Эрдмийн далай” сонин онцолсон байна. Тэрбээр Их сургуулийн “Тэргүүний тамирчин”-аар удаа дараа шалгарсан, үе тэнгийнхнийхээ үлгэр дуурайлал болсон тамирчин сонсогч юм.
Дэд түрүүч Б.Намжилмаа:
“Би багаасаа л төрийн тусгай алба хаагч болохыг хүсдэг байсан. Тийм учраас элсэлтийн ерөнхий шалгалт болон Дотоод хэргийн их сургуулийн бие бялдрын шалгалтад онцгойлон бэлдэж, тэнцсэн хариу аваад маш их баярлаж билээ.
Ахлах сургуульд байхаасаа тулааны спортыг сонирхож хичээллэж эхэлсэн. Тулааны спортоор хичээллэснээр тэсвэр хатуужил, сахилга бат, мөн амжилтын уналт, босолт зэрэг маш олон зүйлд суралцдаг.
ДХИС-ийн сонсогч болоод нэгдүгээр дамжаанаасаа Ш.Одсүрэн багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж тэмцээн уралдаануудад оролцох болсон. Миний сонирхлыг гэрийнхэн, тэр дундаа ээж минь маш сайн ойлгож, дэмжиж өгдөг нь надад илүү их хичээх урам зориг, бас өөрийгөө дайчлах ташуур болдог.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, Их сургуулиа амжилттай төгсөн чадварлаг боловсон хүчин болохыг зорьж байна. Мөн бэлтгэл сургуулилтаа сайн хийж сонирхогчийн холимог тулааны тив, дэлхийн аварга болох зорилготой.
Хайрт ээждээ, гэрийнхэндээ мөн намайг өдий зэрэгт хүргэсэн дасгалжуулагчид, эрдэмтэн багш нар, найзууд, анги хамт олондоо маш их талархаж явдгаа илэрхийлье.
Надад үргэлж итгэдэг, тусалж дэмждэг та нарынхаа итгэлийг алдахгүй, үргэлж хичээж явах болно.
Үеийн найзууд, сонсогч дүү нартаа хандаж “Болохгүй зүйл гэж байдаггүй. Харин чадахгүй зүйл гэж бий. Чадахгүй зүйлийг хүн сурч болдог шүү, хичээгээрэй” гэж хэлье.
ТҮҮНИЙ ГАРГАСАН АМЖИЛТУУД:
2023 онд:
Шүт боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль;
“Falcons fighting series” холимог тулааны финалын тоглолтод оролцож ялалт байгуулсан.
Муайтай боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль;
Дотоод хэргийн их сургуулийн “Боксын аварга шалгаруулах-2023” тэмцээнээс алтан медаль, шилдэг эмэгтэй тамирчин;
2024 онд:
Дотоод хэргийн сургуулийн “Шилдэг сонсогч” алтан медаль;
Дотоод хэргийн их сургуулийн “Сонсогчийн алдар” тэмцээнд тэргүүн байр;
Муайтай боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль;
Цэргийн гардан тулааны анхдугаар нээлттэй олон улсын тэмцээнээс хүрэл медаль;
Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгч хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” тэмцээнээс мөнгөн медаль;
Залуучуудын холбооны “Алдар” алтан медаль;
Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд байлдааны самбо төрөлд мөнгөн медаль;
Кик боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль;
Дотоод хэргийн их сургуулийн “Тэргүүний тамирчин”;
Дотоод хэргийн их сургуулийн “Боксын аварга шалгаруулах-2024” тэмцээний алтан медаль, шилдэг эмэгтэй тамирчин;
2025 онд:
Самбо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс Байлдааны самбо төрөлд хүрэл медаль;
Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Байлдааны самбо төрөлд хүрэл медаль тус тус хүртээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна