Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) мэдээлснээр өчигдөр өдөртөө нийт таван удаагийн ойн хээрийн түймэр бүртгэгджээ. Мөн объектын гал түймрийн 49 дуудлага ирсэн байна. Үүний 27 нь нийслэлд гарсан бөгөөд ихэнх нь зуслангийн бүсэд шар өвсний түймэр байсан тухай Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэв.

Ойн түймэр Сэлэнгэ аймагт голомтлон гарч байгаа бөгөөд Зүүнбүрэн сумаас эхэлсэн гал тархан Хушаат сум руу шилжжээ. Түймрийн голомтуудад өнөөдрийн байдлаар нийт 270 гаруй хүн ажиллаж байна. Тухайлбал, Цагааннуур суманд гарсан түймэрт 150 хүн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Харин Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраасан бөгөөд одоо түймрийн цурмыг шалгаж дуусгахаар ажиллаж байна.

Энэ жил цаг агаарын нөхцөл байдал, ялангуяа цас багатай байсан нь ойн хээрийн түймрийн эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлжээ. Зүүн аймгуудад гарсан түймэр бүрэн унтраагүй байхад баруун бүс нутгаар дахин шинэ голомтууд үүсч, нөхцөл байдал хүндрээд байна.

Одоо ашиглаж байгаа техник хэрэгслүүд зориулалтаасаа шалтгаалж өөр, өөр байдаг. Объектын түймэрт ашигладаг машин ойн түймэрт ашиглахад хүндрэлтэй. Усны эх үүсвэрийг их хэмжээгээр авч явдаг, 8-12 тонн даацтай том машин уулын оройд очиж чадахүй. Харин ойн түймэр унтраах туулах чадвар сайтай машинууд үүрэг гүйцэтгэдэг. Техник, машинуудын хангалт тодорхой хэмжээнд хийгдэж байгаа ч ОБЕГ-ын шаардлагын хэмжээнд хангалтыг шат дараатай хийнэ. 100 хувь бол хангагдаагүй. Таван литрийн савтай ус зөөвөрлөөд явж байна гэх мэт шүүмжлэл бий. Ойн түймэр унтраах тусгай албаны машиныг уулан дээр байрлуулдаг. Эдгээр машинд ус хүргэж өгөх асуудлыг нийслэлийн аврах ангид байдаг 31 буюу туулах чадвар сайтай машин дээр усны эх үүсвэрээ ачаад дор нь ус сувгийн удирдах газрын 5 машин усыг уулын бэлд нь хүргэж өгдөг. Ер нь ойн түймэр унтраах гэдэг нь салхи шуургатай үед маш их эрсдэлтэй.