Жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ Дэлхийн II дайнд ялалт байгуулсны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна.
Дэлхийн II дайн дуусч, фашизмын харгис дэглэм сөнөсөн энэ өдөр нь зөвхөн нэг ард түмний бус, нийт хүн төрөлхтний хамтын ялалтын өдөр билээ.
Монгол Улс бол энэхүү ялалтад хувь нэмрээ оруулсан цөөн орны нэг. 1945 онд Япон дахь Квантуны армийн эсрэг Зөвлөлттэй хамтран цэрэг илгээж, Дэлхийн II дайны эцсийн шатанд оролцсон нь бидний түүхийн бахархалт хуудас болж үлджээ. Энэ бол Монгол хүн дэлхийн тавцанд энхтайвны төлөө зогсож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн тод жишээ юм.
Ялалтын баяр бол зөвхөн өнгөрсөн түүхийг биш, өнөөгийн бидний хариуцлага, хойч үеийнхэндээ үлдээх үнэт зүйлсийн тухай сануулдаг өдөр. Эх оронч үзэл, энх тайвны үнэ цэнэ, эв нэгдлийн хүчийг дахин дахин сануулах ёстойг энэ өдөр бидэнд сургасаар байна.
Өнөөдөр бид ахмад дайчиддаа талархаж, тэдний гавьяаг мэхийн дурсаж байна. Гэхдээ энэ баярыг тэмдэглэхийн хажуугаар, дайны хар мөр, хүний амь насны үнэт чанар, энх тайван ямар чухал болохыг ухаарч, ирээдүйгээ энэрч хайрлах ухааны баяр болгох нь зүйтэй.
Дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт татагдан оролцсон бөгөөд дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан байдаг. Дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая болсон.
Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ.
Түүх мартагдаж болохгүй. Харин сургамж нь үеийн үед мөнхөд үлдэх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.215
3
Хариулах