“Бөөрний сувганцарын эмгэгийн оношлогоо, эмчилгээ, өнөөгийн чиг хандлага ба бөөр орлуулах эмчилгээний сувилахуйн тусламж үйлчилгээний асуудлууд” сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 24,25-нд зохион байгуулагдана. 

Бөөрний эмгэг нь хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Манай хүн амын дунд бөөрний архаг өвчин эмгэг, түүний эрсдэлт хүчин зүйлс, бөөрний үйл ажиллагааны дутагдлын тохиолдол нэмэгдэж бөөр орлуулах өртөг өндөртэй эмчилгээ шаардлагатай өвчтөний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. УНТЭ-ийн Бөөрний төвийн статистик мэдээллээс харахад 2023-2024 онд бөөрний архаг өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн нийт 2885 үйлчлүүлэгчээс бөөрний архаг дутагдалтай 20 хувь нь төгсгөлийн шат оношлогдож байгаагаас гадна өөр бөөрний бус эмгэгээс шалтгаалсан бөөрний дутагдал мөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд бөөрний эмгэгийн оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх нь нарийн мэргэжлийн мэдлэг ур чадвартай шууд холбоотой. Монголын нефрологийн холбоо, УНТЭ-ийн Бөөрний төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Солонгос улсын Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгтэй хамтран Монгол улсад ажиллаж буй бөөрний эмч болон сувилагч нарт “Бөөрний сувганцарын эмгэгийн оношлогоо, эмчилгээ, өнөөгийн чиг хандлага ба бөөр орлуулах эмчилгээний сувилахуйн тусламж үйлчилгээний асуудлууд” сургалтыг 2007 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн.

Улаанбаатар хотын төв эмнэлэг, дүүргийн эмнэлэг, аймаг болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд бөөрний эмгэгийн орчин үеийн оношлогоо эмчилгээг тохиолдол дээр суурилж хэлэлцэж, олон улсын туршлагаас суралцах, танилцуулж нэгдсэн нэг эмчилгээ оношилгооны чиг хандлагыг баримтлан бөөрний өвчнийг эрт үед оношлох эмчлэх цаашид үүсэх хүндрэлээс сэргийлэх зорилготой. Мөн бөөр орлуулах эмчилгээний үеийн хүндрэл болон бөөр шилжүүлэн суулгуулсны дараах өвчтөний хяналтыг хийх болон бөөр орлуулах диализ эмчилгээ хийдэг сувилахуйн тусламж үйлчилгээний үеийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн сурахад сургалтын зорилго оршдог юм.