Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймагт гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах С.Баярбилэгийн хэлснээр:2025 оны 6-р сарын 1-ний өдрийн 05:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь осол гарах шалтгаан болсон. Үүний улмаас гурван хүүхэд амь насаа алдсан.

Түүнчлэн ослоор дөрвөн хүүхэд гэмтэж, одоогоор эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж буйг албаныхан мэдээллээ.

“Осолд орсон хүүхдүүд ямар нэгэн арга хэмжээнд оролцоод буцаж явсан” гэх мэдээлэл байгаа эсэхийг тодруулахад С.Баярбилэг:

“Энэ талаар одоогоор баттай мэдээлэл байхгүй. Шалгалтын явцад тодорхой болно” хэмээн хариуллаа.