2025 оны зургаадугаар сарын 02.. Улаанбаатар хотын амин судас болсон ДЦС-3 дээр аймшигт осол гарч, үйлдвэрийн жирийн ажилтан ажлын байран дээрээ амь насаа алдлаа. Эрчим хүч үйлдвэрлэдэг биш — амь нас сордог энэ системийг бид хэр удаан тэвчих вэ?

Үйлдвэрлэлийн осол уу, системийн осол уу?

Хүн амын 70 гаруй хувь нь төвлөрсөн халаалтаар амьдардаг нийслэлд дулаан зогсоно гэдэг бол гамшиг. Гэвч илүү том гамшиг нь — үйлдвэрлэл дундаа хүний амь нас зольдог хариуцлагагүй систем болжээ.

ДЦС-3 дээр болсон осол нь нэгэн жирийн ажилтны амийг авч одсон. Тэрээр ажил үүргээ биелүүлж явсан инженер техникийн ажилтан байсан. Харин энэ ослын гол “хувь тавилан”-г найман жилийн өмнө суурилуулсан хятад турбин шийдэж өгсөн байв.

Хятадын турбин ба Ү.Төмөрхуягийн гарын үсэг

2015 онд ДЦС-3 ТӨХК нь Хятадын “Хуан Индастриал Экуйпмент Инсталэйшн” гэх компанитай гэрээ байгуулж, 50 МВт-ын хүчин чадалтай шинэ турбин генератор суурилуулсан. Гэвч энэ генератор өнөөдөр нэг хүний амь үнэтэй дэлбэрч, салбарын доголдлыг харууллаа.

Тухайн үед ДЦС-3-ын ерөнхий инженер, тэргүүн дэд захирал нь Ү.Төмөрхуяг байжээ. Турбины угсралт, техникийн хяналтад түүний баг оролцож, шийдвэр гаргах төвд байсан гэдэгт эргэлзэх зүйл алга.

Хувийн ашиг сонирхлын хэлхээ: “Загасан Соёмбо” ХХК

Ү.Төмөрхуягийн жолооч Угтахбаяр, түүний эхнэр Б.Мөнхнаст нарын нэр дээр 2019 онд байгуулагдсан “Загасан Соёмбо” ХХК нь эрчим хүчний салбартай холбоотой ажлууд хийж байжээ. Компанийн үйл ажиллагаа нь олон улсын туршлагагүй хэрнээ дотоодын тендерүүдэд ялж, НӨАТ-ын баримтаар 960 сая төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.

2025 оны эхээр тус компани нэрээ сольсон нь анхаарал сарниулах зорилготой байсан уу? Эсвэл цэвэр бизнесийн шалтгаан уу? Хууль сахиулагчид энэ талаар дуугараагүй байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн түүх: “Гэнэт баяжсан дарга”

Ү.Төмөрхуяг нь өдгөө ДЦС-4-ийн ерөнхий захирлаар ажиллаж буй. Тус газрын ажилчид “дарга архи их уудаг, ажилчдаа дарамталдаг, байгууллагын дотоод соёл сүйдсэн” гэж гадагшаа ам алдсаар удаж буй.

 Харин хамгийн ноцтой мэдээлэл бол түүний Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ). ДЦС-4-ийн захирлаар томилогдсон цагаасаа хойш автомашин, данс дахь мөнгө, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нь огцом өссөн нь бүртгэгдсэн.

Эх сурвалжуудын хэлснээр, түүний охины нэр дээр хаус байр, үнэтэй машин бүртгэлтэй байж болзошгүй.

 “Бид анхааруулсан, тэд үл тоосон”

2023 оны есдүгээр сард болсон Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын ажилчид төр, засгийн тэргүүнүүдэд дараах санал шаардлагыг бичгээр хүргүүлжээ:

Цалин хөлсийг нэмэгдүүлэх

Ажлын нөхцөл, хөдөлмөр хамгааллыг сайжруулах

Насжилт өндөртэй төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх

Гэвч тэд хариу өгөөгүй. Харин өнөөдөр — амь насаар хариу ирлээ.

Тариф нэмэгдсэн, амьдрал сайжраагүй

2024 онд эрчим хүчний тариф нэмэгдэж, нийтдээ 500 тэрбум төгрөгийн орлого салбарын системд оржээ. Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ гэдгийг асуухад:

“Шинэ эх үүсвэрт зарцуулж байна” — хэмээн тайлбар өгдөг.

Гэвч ажилчдын цалин, хөдөлмөр хамгаалал, техник засвар хийгдсэнгүй. “Шинэ эх үүсвэр” нэрээр төсвийг замхруулж, харин хуучин төхөөрөмжүүд нь хэнийг ч үгүй болгоход ойрхон байгаа.

Хэн хариуцлага хүлээх вэ?

Нэгэн хүний амь нас эрчим хүчний системийн доголдлын “үр дагавар” боллоо. Харин шийдвэр гаргагчид, хөрөнгө орлогоороо баяжсан захирлууд, ашиг сонирхлын сүлжээ бүрэн хариуцлагаас мултарч байна.

Энэ бол хувь хүний алдаа биш — төрийн болон төрөөс томилогдсон удирдлагуудын  хариуцлагагүй байдлын шууд үр дүн. Энгийн ажилчид л өндөр даралттай уурын хоолой, гэмтсэн турбин, гагнасан төмрийн цаанаас бидэнд гэрэл, дулаан дамжуулж байна.

Гэвч гэрэл асаах бүртээ бид нэгэн хүний амийг унтрааж, харин Ү.Төмөрхуяг гэх мэт  дарга нарын хөрөнгийг нэмж байгаа юм биш биз..? 

Зураг нээх