Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байгааг Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.
Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах аж. Биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга эсвэл хар хүрэн, нуруу болон сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Могой нь хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууц, аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол олдох нь элбэг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!