Наадамд оролцохоор бэлтгэгдсэн 18 адууг хулгайлан, бойнд өгсөн хэрэг гарчээ

Сэтгүүлч
2025/06/13

Наадмын нээлт болон морьт харвааны тэмцээнд оролцуулахаар тусгайлан сургасан 18 тооны адууг энэ сарын 7-ны өглөөний 04:30 цагийн орчимд хулгайлсан ноцтой хэрэг гарсан байна. Хулгайлагдсан адууг Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах малын бойны газарт төхөөрсөн нь тогтоогджээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэхдээ, "Энэ сарын 7-ны 19:30 цагийн үед Хан-Уул дүүргийн 14-р хороонд орших адууны бэлчээрээс 5-12 насны 18 адуу алга болсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мэдээллийн дагуу шуурхай ажиллагаа явуулж, уг хэргийг 17-29 насны зургаан этгээд үйлдсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон" гэлээ.

Мөн тэрбээр, "Бойны газарт малаа шууд аваачиж өгдөггүй. Махны гарал үүслийн бичигтэй байх шаардлагатай. Энэ тохиолдолд дээрх шаардлагыг зөрчиж, зохион байгуулалттайгаар мал хулгайлсан байж болзошгүй" хэмээн онцолсон юм.

Хэргийг холбогдуулан дөрвөн этгээдийг баривчлан шалгаж байгаа ба хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна