Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд 84 иргэний амийг аварч, 218 хүнийг утаатай бүсээс аюулгүй газар шилжүүлжээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, зургадугаар сарын 7-13-ны хооронд нийт 103 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүний:
79 нь объектын гал түймэр,
3 нь ой, хээрийн түймэр,
17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байв.
Мөн газар хөдлөлт, үер, мөндөр орсон дуудлагууд бүртгэгджээ.
Цаг агаарын хуурайшилтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Энэ оны эхний таван сард 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 80 удаагийн түймэр гарчээ.
Ой, хээрийн түймрийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил гал түлэх, үнс нурмаа ил задгай хаях, хог шатаах зэрэг нь түймэр гарах шалтгаан болж байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдэд гал түймрээс сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг анхааруулж байна. Үүнд:
Цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх,
Тамхийг бүрэн унтраасны дараа хаях,
Ил гал түлэхгүй байх,
Хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна