2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багийн нутагт 18:45–19:50 цагийн хооронд дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орж, үер буусан тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) 19:20 цагт хүлээн авсан байна.

Үерийн улмаас нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, нэг аж ахуй нэгж, байгууллагын барилга усанд автжээ. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид газар дээр нь ажиллан, үерийн усны урсгалыг хазайлгах зорилгоор 25 метр урт шуудуу татаж, далан, суваг нээх зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн байна.

Одоогоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд алба хаагчид гамшгийн дараах сэргээн босголтын ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.