PUBG MOBILE-ын Төв болон Өмнөд Азийн 2025 оны хаврын супер лигийн аваргаар Монголын “Alpha Gaming” баг тодорч, Азийн цахим спортын тавцанд эх орныхоо нэрийг дахин өндөрт өргөлөө.
Тэмцээн 2025 оны 6 дугаар сарын 12-ноос 10 хоногийн турш Казахстаны Алматы хотод болж, ОХУ, Пакистан, Казахстан, Узбекистан, Монгол, Непал, Бангладешийн 20 баг оролцсон байна. Монгол Улсаас “Alpha Gaming” болон “Champions Esports” гэсэн хоёр баг оролцож, PUBG MOBILE төрлөөр шандас сорьжээ.
“Alpha Gaming” баг 18 тоглолтод нийт 170 оноо цуглуулж, алтан медаль хүртэн, супер лигийн цомын эзэн болсон байна. Тэд ийнхүү 36300 ам.долларын мөнгөн шагнал хүртжээ. Тэмцээний шилдэг тоглогчоор тус багийн гишүүн А.Бүрэнбаяр тодорсон нь багийн амжилтыг улам баталгаажуулсан үзүүлэлт боллоо.
“Alpha Gaming” баг нь өмнө нь “4Merical Vibes” нэрээр олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан бөгөөд өнгөрсөн хавар нэрээ шинэчилж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин эрчтэй гарч ирээд байна. Тэд өмнө нь ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарч байсан туршлагатай.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!