Монгол Улсын эрх ашигт нийцээгүй, эргэлзээ дагуулсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хяналт шалгалтын түр хороо байгуулах албан хүсэлтээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүллээ.

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд дээрх хүсэлтийг гаргаж байгаа бөгөөд Оюутолгой стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын хил заагт Канадын хөрөнгө оруулалттай “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байгаа “Шивээ Толгой” болон “Жавхлант” ордуудын гэрээ, ашиглалтын нөхцөл нь олон нийтийн санаа зовнилыг төрүүлж буйг онцолсон байна.

О.Батнайрамдалын гаргасан тайлбарт дурдсанаар, уг ордуудын хөрөнгө оруулалтын гэрээ 2011 онд байгуулсан бөгөөд Монголын төрийн оролцоо, хяналт сул байгаа төдийгүй хөрөнгө оруулагч талд илт давуу нөхцөлтэй болсон гэж үзжээ. Тухайлбал:

  • Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү SOFR + 6.5%, жилийн дундаж хүү 11.1% байгаа нь Монгол Улсад өндөр өртөгтэй, ашиггүй нөхцөл үүсгэж буй.
  • Сүүлийн жилүүдэд дотоод, гадаад валютын ханшийн савлагаа, зардлын өсөлт зэрэг нь Монголын талын ашгийг улам бууруулж буй.
  • Түүнчлэн, 2025 оноос уг гэрээний хэлэлцэх боломж хуулиар хаагдах тул “одоо л арга хэмжээ авахгүй бол хожим хэтэрхий оройтоно” хэмээн анхааруулсан байна.

Түр хороо байгуулахын зорилго

Хуулийн дагуу УИХ стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох, гэрээний нөхцлийг дахин хэлэлцэх шийдвэрийг зөвхөн өөрөө гаргах эрхтэй. Энэ хүрээнд:

“Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, ашиггүй нөхцлөөр баялгаа алдсаар байхгүйн тулд УИХ хяналт шалгалтын түр хороо байгуулж, асуудлыг яаралтай судалж, дүгнэлт гаргах шаардлагатай” гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал албан бичигтээ дурджээ.

Хэрэв дээрх гэрээний нөхцлийг өөрчлөхгүй бол Монгол Улс тус ордуудаас эдийн засгийн үр ашиг хүртэх боломж улам бүр хумигдаж, ирэх жилүүдэд олон улсын валютын зээл, гадаад хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ч сөргөөр нөлөөлж болзошгүйг зарим эдийн засагчид анхааруулж байна.

Монгол Улсад стратегийн ордуудыг үр ашигтай, шударга зарчмаар ашиглах нь үндэсний эрх ашигтай салшгүй холбоотой. Одоогоор “Шивээ Толгой”, “Жавхлант” ордуудын нөхцөл байдалд хяналт тавих, төрийн эзэмшлийн хувь хэмжээг дахин тогтоох асуудал УИХ-ын шийдвэр, улс төрийн зориг дээр тогтож байна.

Түр хороо байгуулж бодитой дүгнэлт гаргаж чадвал Монголын баялгийг Монголчууд илүү хүртээмжтэй эдлэх эхлэл тавигдаж болзошгүй. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын 70 орчим гишүүд нэгдсэн байр сууринд хүрчээ.