УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй 89 гишүүн гарын үсэг зурж, Оюутолгойн төслийн хэрэгжилт, гэрээний нөхцөл, Монгол Улсад учруулж буй үр ашиг, хөрөнгө оруулалтын бодит байдал зэрэгт хяналт тавих зорилгоор УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргалаа. Уг саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, Түр хороог байгуулахаар шийдвэрлэжээ.
Тус Түр хороо нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт хэлэлцээрүүдийн хэрэгжилт, төслийн санхүүгийн тайлан, гүйцэтгэл, ашиг хүртэх механизм зэрэг асуудлыг нарийвчлан шалгаж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад санал, дүгнэлт хүргүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй хүрээнд баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг парламентад суудалтай 5 намын 89 гишүүн дэмжиж, УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.
Нэгдүгээрт, Оюутолгойн бүлэг орд, стратегийн бүлэг ордод Канадын хөрөнгө оруулалттай Онтре компанийн эзэмшилд байгаа "Жавхлант шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлох болон холбогдох баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх,
Хоёрдугаарт, Оюутолгой ХХК дээр байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүний хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авах арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах гэсэн хоёр сэдвийн хүрээнд хяналтын түр хороо байгуулах УИХ-ын тогтоолыг өргөн барьж байна.
Онтре ХХК-ийн асуудлаар одоог хүртэл манай улсын эрх ашгийг хангасан гэрээ хэлцэл хийгдээгүй байгаа. Тийм учраас түр хороо байгуулж хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах хэрэгтэй. Оюутолгойн бүлэг ордын нийт баялгийн 32 хувь Онтрегийн талбай дээр байдаг. Алтны 41 хувь хамаардаг маш том стратегийн бүлэг ордын хэсэг.
Оюутолгойн бүтээн байгуулалт дээр 20 орчим тэрбум долларын зээл байгаагийн 11.8 тэрбум доллар нь Рио Тинтогоос олгосон зээл. Зээлийн хүү нь өнөөдрийн байдлаар 11,1 хувь. Энэхүү 11.8 тэрбум долларын зээлийн 5.7 тэрбум нь гэхэд л зөвхөн хуримтлагдсан хүү байгаа юм.
Энэ зээлийн хүүг долоон жил тутам дахин авч хэлэлцэх эрх 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусна. Тиймээс уг асуудлыг даруй авч хэлэлцэж, олон улсын жишигт нийлүүлэх шаардлага байна" гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!