Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны наймдугаар сарын 5-ны өдөр мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр хийсэн мэдээллээрээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д илэрсэн ноцтой зөрчлүүдийг олон нийтэд дэлгэв. Тэрбээр 2024 оны 11-р сард иргэнээс Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлын мөрөөр Эрүүл мэндийн яам шалгалт хийсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тогтоогдсон тул хэргийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн болохыг онцоллоо.
Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас урьдчилсан санхүүгийн хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний хооронд хамтарсан шалгалт зохион байгуулсан байна.
Шалгалтаар дараах ноцтой зөрчлүүд илэрчээ:
• Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй
• Үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн байгууллагын албан ёсны данснаас гадуур, өөр хувийн данс руу төлбөр шилжүүлэхийг шаардсан
• 2022-2024 оны хооронд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрөөс 478.9 сая төгрөгийг "иргэд цагтаа ирээгүй", "өөрөө ирээгүй" гэх үндэслэлээр буцаан цуцалсан
• Энэ мөнгийг СЭМҮТ-ийн удирдлагууд дотоод ажилтнуудтайгаа хамтран бэлнээр гаргаж, хувийн дансаар авсан нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Ийм замаар 478. 9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭМҮТ-д удаан хугацаагаар хэвтэж байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа зэрэг асуудал үүссэн байна. Иймээс одоогийн удирдлагыг нь солих шийдвэр гаргасан. Мэргэжлийн бус томилгоо гэдэг дээр багагүй шүүмжлэл аваад байгаа. Удирдлагын туршлагатай хүн томилоогүйн буруу илэрч байгаа нь энэ. Хамгийн гол нь СЭМҮТ-д ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хүслийг мохоож байна. Урамшууллаа өгдөггүй, дарга нартаа хуваагаад өгчихдөг ийм байж болохгүй. Намайг өөрийн хүнээр сольж байна гэж бодох вий гээд өнөөдөр ямар шалтгаанаар сольж байгаа талаараа хэвлэлийн хурал зарласан юм. Сая түр томилгоо хийлээ. Иймээс хуулийн дагуу эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь хуралдаж дотоодоосоо даргаа томилно. Дараагийн шалгалтуудыг үе шаттай хийнэ" гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!