Увс аймгийн 100 жилийн ойг улсын төсвөөр санхүүжүүлсэн гэх шүүмжлэлд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тайлбар хийлээ.

Түүнийг тойрог болох Увс аймгийн ойн баярт 2 тэрбум төгрөгийн төсөв гаргаж, "наадамд зориулсан мэтээр" эрчим хүчний салбарын хөрөнгийг ашигласан хэмээн сөрөг хүчний зүгээс шүүмжилж буй. Харин сайд үүнийг эрс няцаалаа.

“Би тойргоос сонгогдсон гишүүний хувьд ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Ойн өмнө дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдье гэж зорьсон. Гэхдээ Эрчим хүчний сайдын төсвөөс наадмын арга хэмжээнд нэг ч төгрөг зарцуулаагүй” хэмээн тэрбээр мэдэгдэв.

Б.Чойжилсүрэнгийн тайлбарласнаар:

  • Увс аймгийн иргэд, бизнес эрхлэгчид ойд зориулан 11 тэрбум орчим төгрөгийг сайн дурын хандив хэлбэрээр босгож, 3000 орчим хүн оролцсон байна.

  • Улаангом хотын 2 км автозам (2, 4, 11-р багийн нутаг дэвсгэрт) 3.6 тэрбум төгрөгөөр 2024 оны улсын төсөвт тусгагдаж, одоогоор 90 хувьтай ашиглалтад орсон байна.

  • Цахилгаан хангамжийг сайжруулах 2 тэрбум төгрөгийн ажил тендерийн үр дүнд 1.8 тэрбум төгрөгөөр хэрэгжсэн бөгөөд энэ нь олон жил яригдсан "цай буцалдаггүй" асуудлыг шийдвэрлэх зорилготой байсныг тодотголоо.

“Энэ ажлыг наадмын талбай руу цахилгаан татсан, 2 тэрбумыг наадамд зарцуулсан мэтээр гуйвуулсан. Үнэн хэрэгтээ эрчим хүчний ачааллыг урьдчилан тооцож, ойгоос өмнө дуусгахыг зорьсон ажил байсан” хэмээн тэр хэллээ.

Мөн тэрээр Эрчим хүчний сайдын багцыг "миний багц" хэмээн нэрлэсэн нь буруу ойлголт төрүүлсэн  хэмээн хүлцэл өчив.

“Энэ асуудлыг анхнаасаа ил тод явуулах талаар бид ярилцаж, тайлан гаргах үүргийг аймгийн удирдлагуудад өгсөн. Ардчилсан намынхан аудит хийх нь зөв” гэв.