Монгол Улс жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэсээр энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна. Монголын эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар анх зохион байгуулагдсан энэ өдөр нь аавууд үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа эргэн дүгнэх, гэр бүлдээ эзлэх байр сууриа бататгах боломж болдог.

Сүүлийн жилүүдэд зөвхөн эх орондоо төдийгүй хилийн чанадад байгаа монголчууд ч энэ баярыг өргөнөөр тэмдэглэх болжээ. Өдгөө аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс 18 дахь нь болж байв.

Энэхүү баярын түүх 1910 онд АНУ-ын Вашингтон мужид эхлэлтэй. Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулан тус өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ нас барж, аав нь таван хүүхдээ ганцаараа өсгөсөн учир охин нь аавынхаа хөдөлмөр, хайрыг хүндэтгэн энэ өдрийг санаачилжээ.

1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон “Аавуудын баярын өдөр”-ийг албан ёсоор зарласан бол өнөөдөр олон оронд өөр өөр өдөр тэмдэглэдэг. Жишээлбэл, Англи, Франц, Бельги зэрэг улс жил бүрийн тавдугаар сарын 19-нд тэмдэглэдэг байна.