Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй Эмээлт эко аж үйлдвэрийн паркыг нь хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм.
Төслийн хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендер зарлагдаж, "Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China Western Power Industrial Co., Ltd) нарын түншлэл EPC+F тендерийн гүйцэтгэгчээр шалгарлаа. Ингэснээр ажлын хэсэг гэрээний хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
Энэ паркийн дэд бүтцийн эхний бүтээн байгуулалтуудын нэг болох Бизнес инкубатор, сургалт-үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилга ашиглалтад орсон бөгөөд цаашид үйлдвэрлэл, инновацийг дэмжих чухал төв болох юм.
Мөн байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр бий болгох зорилгоор БНСУ-ын Засгийн газрын тусламжтайгаар “Smart Energy Platform Group”-тэй хамтран 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!