Өнөөдөр Төрийн ордонд өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцыг хэлэлцэх өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэв.

Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газар байгуулагдаад хоёр сарын хугацаанд өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэл, үүргийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн бөгөөд өнөөдрийн хуралдааныг шуурхай, шалгалтын шинжтэйгээр зохион байгуулж байна гэдгийг онцлов.

Тэрбээр, “Зуны сар шувтарч, өвөлжилтийн бэлтгэл хангах хариуцлагатай цаг үе тулж ирлээ. Олон аймаг гантай, зудын эрсдэл өндөр байгаа тул мах бэлтгэлийг оновчтой зохион байгуулах шаардлагатай. Мөн ОХУ-аас нийлүүлэх шатахууны үнэ өсөх, хангамж тогтворгүй болох эрсдэл байгааг анхаарч ажиллах хэрэгтэй. Ангарскийн үйлдвэр засварт орох, тээврийн зардал нэмэгдэх зэрэг хүндрэл үүсэх төлөвтэй байна” гэв.

Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэхэд хоёрхон долоо хоног үлдсэн тул боловсролын байгууллагуудын бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгож, намраас утаа, ханиад томууны асуудал нэмэгдэх учраас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг бодитой хийхийг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шатахуун, хүнсний нөөц, боловсролын байгууллагын бэлтгэл болон нийтийн эрүүл мэндийн асуудлыг салбар бүрээр нь сонсох юм.