Өнөөдөр багш нар Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна цуглаж, цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьлаа. Жагсаалын үеэр төлөөлөл нь сайд П.Наранбаярт шаардлагаа уламжилж, санал солилцсон байна.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Багшийн үндсэн цалинг нэмэхгүй бол ажил хаялтад шилжихээс өөр аргагүй. Өнөөдөр улсын сургуулиуд нийгмийн даатгалын өртэй, эрүүл мэндийн зардал шийдэгдээгүй байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад энэ асуудлыг шийдэхгүй бол багш нар гудамжинд гарч, ажлаа хаяна” гэж мэдэгдэв.

Харин Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд “20 хувиар нэмэхэд гэхэд 506 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Энэ асуудлыг УИХ-ын ирэх оны төсөвт хэрхэн тусгах талаар ярилцах шаардлагатай” хэмээн хариулав.

Дунд сургуулийн багш нарын холбооноос цалингийн асуудлыг зөвхөн мөнгөөр хязгаарлахгүй, багш нарын нийгмийн баталгаа, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ, сургалтын нөхцөлийг хамтад нь шийдэх шаардлагатайг онцоллоо. Тэд “Өнөөдөр багшийн нэмэгдэл, нөхөн олговор хугацаандаа олгогдохгүй, эрүүл мэндийн зардал төсөвт суулгагдаагүй, шинээр ашиглалтад орсон сургуулиудад тавилгагүй байна. Гэтэл төр том хурал, заал тохижуулалтад хэдэн тэрбумаар нь зарцуулж буйд багш нар бухимдалтай байна” гэв.

Мөн багшийн чиглэлээр сурч буй оюутнуудыг үнэгүй сургахад жилд 50 тэрбум төгрөг зарцуулж байгаатай харьцуулахад багшийн цалинг нэмэгдүүлэхэд энэ хэмжээний хөрөнгө хангалттай хүрнэ гэж үзэж байгаагаа хэлэв.