2025 оны наймдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад “цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, нэгэн иргэн хусдаг лотерейны сугалаанд оролцох явцдаа нэр бүхий этгээдийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 3 сая 399 мянган төгрөг шилжүүлсэн бөгөөд үүний дараа ямар нэгэн шагнал, буцаан олголт аваагүй байна. Ингэснээр цахим залиланд өртсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэв.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, ийм төрлийн гэмт хэргийн зар, уриалга фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээний платформуудад өргөн тархаж байгаа тул иргэдийг болгоомжтой байж, үл таних этгээдийн илгээсэн мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг анхаарууллаа. Мөн танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй байх, албан ёсны зөвшөөрөл, баталгаагүй сугалаа, уралдаанд оролцохгүй байхыг зөвлөсөн байна.