Өнгөрсөн хаврын чуулган хаагдахын өмнөхөн нийгэмд сенсаци тарьсан нэгэн мэдээлэл цацагдсан нь Тамхины хяналтын тухай хуультай холбоотой байсан юм. Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин байж төсөл өргөн барих гэж оролдсон асуудлаар олонд танигдсан Номинчимэг гишүүн маань, тухайн үед батлагдсан 110 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг татан буулгасан уу, эсвэл хуулийн төслийг нууцын баримт болгосон уу гэсэн эргэлзээг төрүүлэв. Ямартай ч ажлын хэсгийнхээ гишүүдэд танилцуулалгүй, албан ёсоор хуралдуулалгүйгээр гэнэт ажлын хэсгээс гаргасан нь сонирхол татсан.
Тэрээр өөрийгөө дэмжих боломжит гишүүдийн гарын үсгийг долоо хоног хүрэхгүй хугацаанд цуглуулж, дараа нь “D Parliament”-д байршуулан 30 хоногийн дараа өргөн барихаар бэлдэж байсан нь олонд ил болсон. Гэтэл саяхан, 8 дугаар сарын 28-нд тэрээр бусад гишүүдийн хамт “Цахилгаан тамхи татваргүйгээр, ‘электрон бараа’ гэсэн ангиллаар нууцаар орж ирдэг, үүнийг хүүхдүүд хэрэглэж байна” гэсэн мэдээлэл хийснээр дахин сенсаци дэгдээв. Энэ нь бодит үнэн мэдээлэл байсан уу, эсвэл өмнөх мэдээллүүдийг дарах зорилготой байсан уу, бүр цаашлаад бүхэл бүтэн гаалийн байгууллагын ажлыг олон нийтийн өмнө сөргөөр харуулах гэсэн оролдлого байсан уу гэдэг асуултыг төрүүлэв.
Удалгүй Гаалийн байгууллага албан ёсоор тайлбар гаргаж, электрон тамхи нь олон улсын ангиллын 85.36, 24.00-д хамаарч, Монгол Улсад бүртгэлтэйгээр зохих татвараа төлж орж ирдэг гэдгийг мэдэгдсэн нь дээрх мэдээллийг няцаасан хэрэг болов.
Ингэснээр Номинчимэг гишүүний гаргасан мэдэгдэл худал болох нь тодорхой болсон бөгөөд гарын үсэг зурсан бусад гишүүд нь ч уг мэдээллийн талаар ямар ч ойлголтгүй байсныг харуулсан үйл явдал болов.
Гол асуудал
Тамхины хяналтын тухай хуулийн төсөл яагаад ийм хүчтэй эсэргүүцэл дагуулж байна вэ? Ялангуяа электрон тамхийг “татваргүй орж ирдэг, хүүхэд хэрэглэдэг” гэж зориуд цоллох нь нийгэмд “янжуур тамхи илүү дээр” гэсэн буруу ойлголтыг түгээх эрсдэлтэй. Үүний цаана янжуур тамхины зах зээлийг хамгаалах ашиг сонирхол байж болзошгүйг үгүйсгэх аргагүй.
Бодит тоо баримт
Гаалийн байгууллагын мэдээллээр 2023–2025 оны хооронд Монгол Улсад орж ирсэн электрон тамхи зэрэг бүтээгдэхүүнээс 20.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэ дээр онцгой албан татвар ч нэмэгддэг. Тиймээс хуульчилж, сурталчилгаа, олон нийтийн газарт хэрэглэхийг хориглох, хүүхдэд зарахгүй байх зэрэг зохицуулалтыг хийвэл зөв зүйтэй болох нь ойлгомжтой.
Эрсдэл ба шийдэл
Монгол Улсад аль хэдийнэ 300 мянга орчим цахилгаан тами хэрэглэгч бий болсон. Хэрэв хэрэглээг нь хүчээр хязгаарлавал улсын төсөвт төвлөрөх татварын орлого буурахын зэрэгцээ далд зах зээл бий болох эрсдэлтэй. Ийм нөхцөлд илүү оновчтой алхам нь олон улсын жишигт нийцүүлсэн татварын зохицуулалт, хяналт, сурталчилгааны бодлого явуулах явдал юм.
Энэ бүхнийг хуулийн ажлын хэсгийн ахлагч Номинчимэг гишүүн мэдсээр атлаа санаатайгаар нийгэмд ташаа ойлголт өгөх мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Учир нь зах зээлийн өрсөлдөөн өөрийн жамаар явагддаг бөгөөд хэрэглэгчид өөрсдийн сонголтоо хийж ирсэн. Бодлогыг үнэн зөв мэдээлэлд тулгуурлан гаргах ёстойгоос биш, нийгмийг төөрөгдүүлэн хуурч, ашиг сонирхлын бүлгүүдийн нөлөөнд автаж болохгүй юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!