“Крипто хатан” нэрээр олонд танигдсан хятад эмэгтэй 128,000 гаруй хөрөнгө оруулагчдаас хууль бус аргаар хөрөнгө татсан хэрэгт буруутгагдан Их Британийн шүүхээс 11 жил 8 сарын хорих ял сонслоо.
Тэрээр схемээр олсон хөрөнгийн ихэнхийг нь биткоин хэлбэрээр шилжүүлж, Лондон дахь өндөр зэрэглэлийн орон сууцандаа дүрвэн амьдарч байжээ. Qian Zhimin 2014–2017 онд Хятадад “Lantian Gerui Electronic Technology” гэх компанийн нэрээр хуурамч хөрөнгө оруулалтын схем явуулж, олон мянган хүний мөнгийг татан авсан байна.
2017 онд тэр Их Британид дүрвэн ирж, Лондонгийн Хампстэд хороололд £17,000 орчим сарын түрээсийн орон сууц түрээслэн амьдарч байжээ.
Их Британийн цагдаа нар шалгалт явуулснаар 61,000 гаруй биткоин буюу өнөөдрийн ханшаар тооцвол £5 тэрбум орчим криптовалютыг олж илрүүлсэн байна. Шүүх Qian Zhimin-ийг 11 жил 8 сарын хорих ял, мөн биткоиныг нь хураах шийдвэр гаргалаа. Хохирогчдын хувьд энэ схем тэдний хуримтлал, хөрөнгө оруулалтын санг ихээр хохироосон бөгөөд нөхөн төлбөрийн боломж нь тодорхойгүй байна.

Криптовалют дээрх энэ томоохон гэмт хэрэг нь олон улсын хэмжээнд мөнгө угаах, хөрөнгө шилжүүлэх ажиллагаа хэрхэн явагддагийг харуулж байна.

Эх сурвалж: BBC