БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн Тай По дүүргийн Ван Фук Көрт орон сууцны хороололд гарсан аймшигт гал түймрийн улмаас нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 94-д хүрлээ гэж тус бүсийн эрх баригчид мэдээллээ. Нас барагсдын дунд нэг гал сөнөөгч багтаж байна.

Түймэр гарснаас хойш хоёр хоногийн турш үргэлжилсэн авран хамгаалах ажиллагааны үеэр гал сөнөөгчид шатсан барилгын 16 давхраас нэг эрэгтэйг аварсан байна. Мөн нийтдээ 55 хүн галаас амжин аврагджээ.

31 давхар найман барилга бүхий хорооллын долоон барилга бүрэн шатсан бөгөөд галын улмаас 70 гаруй хүн гэмтэж, тэдний 11 нь гал сөнөөгчид байна. Одоогоор 270 оршин суугч холбоо тасарч, сураггүй байгаа тул авран хамгаалах ажиллагаа үргэлжилж байна.

Тус хороололд нийт 2,000 айл, 4,600 оршин суугч амьдардаг бөгөөд ойролцоогоор 900 хүн амь гарсан ч орон гэргүй болж, түр орогнох байранд байрлажээ. Хонконгийн эрх баригчид өртсөн иргэдэд эхний ээлжинд 1,200 ам.долларын нэг удаагийн нөхөн төлбөр олгохоор болсон байна.

Гал лхагва гарагийн 14:51 цагт гарсан бөгөөд барилгын гадна талын засварын ажлын үед ашигласан хулсан шат, полистирол хөөсөнцөр зэрэг шатамхай материалууд гал маш хурдан тархах гол шалтгаан болсон гэж урьдчилсан дүгнэлт гарчээ. Мөн түймрийн үеэр галын дохиолол ажиллаагүй, зарим айлын цонх засварын ажлаас болж хаалттай байсан нь оршин суугчид галыг мэдрэх боломжийг хязгаарласан байна.

Хонконгийн цагдаа нар уг хэрэгт барилга, инженерийн гурван компанийн гүйцэтгэх захирлуудыг баривчлан саатуулж, сонор сэрэмж алдсан болон хүн амины хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.

Галыг унтраах болон эрэн хайх ажиллагаанд 800 гаруй гал сөнөөгч, 400 цагдаа, 128 гал унтраах машин, 60 орчим түргэн тусламжийн машин оролцож байна.