Ардчилсан намыхан арай гэж эвлэхийн даваан дээр ахин арсалдаж эхэллээ. Бүлэг, бүлгээрээ болчихоод л С.Баярцогтыг намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгоно, болохгүй гэхчилэн хэвлэлээр жинхэнэ “байлдаж” байх нь тэр. Уг нь АН-д ирэх сонгуулиудад ялах амин чухал зорилт бий. Тэр дундаа АН цаашид оршин тогтнох эсэх нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиас ихээхэн хамаарна. Гэвч ийм эгзэгтэй цаг үед намынхаа гал тогоог хэнээр бариулахаа шийдэж чадахгүй, хоёр тал болон хэрэлдэж суух нь яав ч сайны ёр биш дэг.
Ажваас, С.Баярцогтыг намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж байгаа нь тал нь Х.Баттулгын фракцийнхан аж. УИХ-ын гишүүд нь хүртэл С.Баярцогт намын ЕНБД болвол сонгуульд ялагдана, хөрөнгө мөнгөний хар мөртэй, ашиг сонирхолтой ихтэй хэмээн байр сууриа илэрхийлэх нь тэр.
Ер нь Х.Баттулга, С.Баярцогт хоёрын хагарал нэлээн эртнээс эхлэлтэй. Угаас С.Баярцогт бол Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж бол С.Баярцогт болтлоо хоршсон хүмүүүс. Түүх сөхвөл, Ц.Элбэгдорж 1998 онд М.Энхсайханаас Ерөнхий сайдын тамга авахдаа л С.Баярцогтыг Байгаль орчны сайдаар томилж байв. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаараа түүнийг тавьж байсан бол 2008 онд С.Баяр Сангийн сайдаар томилогдож, улмаар алдарт Оюутолгойн гэрээг байгуулцсан удаатай. Энэ хугацаанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдож, Х.Баттулга болон Н.Алтанхуягын талынхныг хууль хяналтынхнаар ээлж дарааллан намнаж байв. Харин Х.Баттулга дараа нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа С.Баярцогтыг Оюутолгойн гэрээнд буруутгаж, анхан шатны шүүхээр 10 жилийн ял өгч, өшөөгөө авч байв. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн хамгийн сайн хамтрагчийг нь өөрийнх нь угсарсан "Хонгилын шүүх"-ээр ялласан хэрэг.
Үүнийг баталсан шиг С.Баярцогт нэгэн удаа “Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг. Үүнийг 10 гаруй жил амжилттай хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн” хэмээн мэдэгдсэн билээ.
Энэ мэтчилэн Ардчилсан намын дотоод хагаралд үеийн үед Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын хүмүүс оройлон оролцсоор ирсэн. Үүний үр дүнд хэдэн жилийн өмнө АН сүйрлийн ирмэгт ирж, Ерөнхийлөгчийн сонгуульд гутамшигтайгаар ялагдсан удаатай. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө арай хийж сэхээ авч, УИХ-д багагүй хэмжээний суудал авсан ч өнөө хэр үйл ажиллагаа нь тогтворжсонгүй. Хэрүүл нь дууссангүй, хэн нь “хаан” байх өрсөлдөөн нь үргэлжилсээр...
Уг нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол намыхандаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Тийм гэмээнэ дээд шатныхаа удирдлагын гаргасан шийдвэрийг намдаа хэрэгжүүлж, нэгдсэн стратегиэр хангах ёстой. Харамсалтай нь С.Баярцогтын нэр хүнд энэ байдлаараа тэр шаардлагад хүрэхгүй нь.
Ардчилсан намынхан ирэх мягмар гарагт буюу 2026 оны 5-р сарын 6-ны өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Хэрэв энэ хурлаар С.Баярцогт намынхаа генсек боллоо ч Ардчилсан намынханд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн найдвар тун муу болж ирэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, намын хагарал улам гүнзгийрч, гишүүдийн талцал ч тэр хэрээр өндрөө авна гэсэн үг. Цаашлаад Ардчилсан нам оршин тогтнох эсэх дээрээ тулж мэдэх дүр зурагтай байна. АН- ын хувь заяа хэрхэх нь ирэх 7 хоногт шийдэгдэх нь ээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!