Амьдралын замд бидний хүссэнээр бүтэх зүйлс, уртаас урт аялал үргэлж шулуун дардан байдаггүй. Хэн нэгний үг сэтгэлд хүрэхгүй байх үе, төлөвлөсөн зүйлс огцом өөрчлөгдөх мөч, ойлголцол зөрөх цаг үе хүн бүрт тохионо. Тэр бүрд яарч уурлаж уцаарлахын оронд уужуу сэтгэлээр хандах нь хүний хамгийн сайхан чанаруудын нэг.

Уужуу байна гэдэг нь бүхнийг дуугүй тэвчих гэсэн үг биш. Харин аливааг тайван тунгааж, бусдын байр суурийг ойлгохыг хичээж, зөв шийдвэр гаргах чадвар юм. Түр зуурын уур, гомдлоор хэлсэн нэг үг олон зүйлийг эвдэж болох ч ухаалаг, тайван хандлага олон зүйлийг засаж чаддаг.

Хүн бүр өөрийн гэсэн тэмцэл, зовлон, бодол тээж аж төрнө. Бидний мэдэхгүй олон шалтгаанаас болж хэн нэгэн алдаа гаргаж, буруу алхам хийж магад. Тиймээс шүүмжлэхээсээ өмнө ойлгохыг, буруутгахаасаа өмнө сонсохыг хичээх нь зарим зүйл дээр онож таарна.

Уужуу сэтгэлтэй хүн бусдыг өршөөж чаддаг төдийгүй өөртөө ч амар амгаланг авчирдаг. Өнгөрсөнд болсон зүйл бүрийг тээж явахын оронд сургамж болгон үлдээж, өнөөдрийн амьдралаа илүү сайхнаар бүтээх боломжийг олгоно.

Заримдаа амьдрал биднээс хурдан хариу биш, харин тайван хүлээлт шаарддаг. Жижиг зүйлд сэтгэлээ үймүүлэхгүй, том үйл явдалд ухаанаа алдахгүй байх нь хүний дотоод хүч юм.

Тиймээс хааяа өөртөө сануулах хэрэгтэй,

“Бүх зүйлд яарах хэрэггүй. Зарим зүйлд уурлах ч хэрэггүй. Уужуу байж чадвал амьдрал илүү амархан, сэтгэл илүү тайван гэгээн байдаг.”