Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Нүхэн гүүр” орчимд Орхон голд хөвж явсан бөмбөгийг авахаар усанд орсон 22 настай иргэн Д живсэн тухай дуудлагыг 2026 оны долдугаар сарын 12-ны өдрийн 17:53 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид аврах завь, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон шаардлагатай техник хэрэгслийг ашиглан Орхон голын дагуу тасралтгүй эрэн хайх ажиллагаа явуулсан байна.
Эрлийн ажиллагааны үр дүнд 2026 оны долдугаар сарын 17-ны өдрийн 14:57 цагт осолдсон газраас доош 20 км-ийн зайд, Орхон голын “5 салаа” гэх газраас иргэний цогцсыг олж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Онцгой байдлын байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Гол, мөрөнд хөвж яваа эд зүйлсийг авах гэж усанд орохгүй байх;
- Урсгал, гүн болон ёроолыг нь мэдэхгүй газарт усанд орохгүй байх;
- Хүүхдийг гол, усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
- Амарч, аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Болгоомж таны амь насыг хамгаална.
ЭХ СУРВАЛЖ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!