Цагдаагийн байгууллагад 2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 23:50 цагт “хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага иржээ.

Шалгалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай эрэгтэйтэй хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэй маргааны үеэр түүний хэвлийд хутгалж, амь насыг нь хохироосны дараа хэргийн газраас оргон зайлсан болохыг тогтоосон байна.

Цагдаагийн алба хаагчид сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон саатуулжээ. Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагын мэдээлснээр, энэ оны эхний зургаан сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5,091 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байжээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.