Урин дулааны улиралд гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалах иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр усны ослоос урьдчилан сэргийлэх асуудал чухал болж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд 232 хүүхэд усны ослын улмаас амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна. Эдгээр ослын дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байсантай холбоотой бөгөөд бага насны хүүхдүүд гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, амиа алдсан тохиолдол бүртгэгджээ.

Мэргэжлийн байгууллагууд эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдийг усны ойролцоо нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Мөн гол, нуур болон бусад усан сангийн орчимд амарч, аялал зугаалга хийхдээ:

  • Хүүхдийг байнгын хараа хяналтад байлгах;
  • Усанд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр тоглуулахгүй байх;
  • Майхан барих, амрах газраа сонгохдоо усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлийг тооцох шаардлагатайг зөвлөж байна.