ГОЛ МӨРНИЙ УСНЫ ГОРИМЫН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
(2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар)
Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай байсан бол Үүр голын усны түвшин арав хоногийн эхний өдөр 45 см нэмэгдэж, үерийн түвшинг 20-80 см даван үерлэсэн байна. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-35 см бага харин Үүр, Шишхэд гол 2025 оны мөн үеийнхээс 15-20 см ахиу устай байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-50 см бага байна. Харин Идэр голын дунд хэсгээр олон жилийн дунджаас 15-30 см ахиу түвшинд байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр хоногт 10-85 см нэмэгдэж, Хараа, Тэрэлж, Туул, Сэлбэ, Сөгнөгөр зэрэг голууд үерийн болон үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-105 см ахиу байна.
Сэлэнгэ мөрний усны түвшин Тосонцэнгэл, Хутаг-Өндөр сум орчимд өмнөх арав хоногийн турш аажим буурсан бол дунд болон адаг хэсгээр арав хоногийн эхээр хоногт 5-60 см нэмэгдээд эргээд буурсан ерөнхий явцтай байлаа. Сэлэнгэ мөрний арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 20-50 см ахиу харин эхэн хэсгээрээ 5-40 см бага байна.
Орхон голын уртын адгууд усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан хандлагатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-85 см бага харин адаг хэсэг буюу Сүхбаатар сум орчимд 5-70 см ахиу устай байна.
Номхон далайн ай савын гол мөрөн, нуур
Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн эхээр хоногт 5-50 см нэмэгдэж, Балж, Хэрлэн, Халх /Сүмбэр сум/ гол үерийн түвшинг 10-30 см, Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэсэн байна. Харин Улз голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-80 см ахиу байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Харбут, Чигэртэй, Турган, Бодонч, Үенч, Дундцэнхэр, Долооннуур, Төгрөг, Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай буюу аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-95 см бага 2025 оны мөн үеийнхээс 5-20 см ахиу байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан , Зүйл, Шарга, Түйн, Байдраг, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Зэгстэй, Таац, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай буюу аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-90 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Тэс, Түргэн, Хариг, Хангилцаг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан буюу өөрчлөлтгүй шахам байсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-60 см ахиу байгаа бол Чигж, Хангилцаг голын хувьд 5-20 см бага устай байна.
Долоодугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байгаа хэдий ч зарим голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн болон аюул түвшинг даван үерлэсэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!