Европын өмнөд болон баруун хэсгийг хамарсан хэт халалт, хуурайшилтын улмаас Франц, Испанид гарсан томоохон ой хээрийн түймрийн улмаас 300 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байна.
Францын баруун өмнөд хэсэгт орших Жиронд мужид гарсан түймэр 42 мянган га талбайг хамарч, Парисын нутаг дэвсгэрээс дөрөв дахин том газар нутгийг шатаажээ. Түймэр Бордо хот руу улам ойртож, хотын орчимд өнгөрсөн шөнө 55 мянган хүнийг нэмэлтээр аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Ингэснээр Франц дахь нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдийн тоо 220 мянгаас давжээ. Одоогоор Бордо хотод албан ёсны нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй ч түймэр хотоос ердөө 15 орчим километрийн зайд хүрээд байгаа юм.
Гал түймэртэй тэмцэх ажиллагаанд 2,500 гаруй гал сөнөөгч, нисэх онгоц, цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Гэвч хэт халалт, хуурайшилт, хүчтэй салхи нь галыг унтраах ажиллагааг хүндрүүлж, зарим түймэр өөрийн үүсгэсэн хүчтэй агаарын урсгал болон аянгатай үүлний нөлөөгөөр шинэ голомт үүсгэж байгааг албаныхан мэдээлжээ.
Испанид ч мөн адил нөхцөл байдал хүнд хэвээр байна. Мадрид, Валенсиа болон бусад бүс нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас 100 мянга орчим хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Мөн зарим бүсэд нэг хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европ даяар үргэлжилж буй халуун агаарын давлагаа, хуурайшилт нь энэ жилийн ой хээрийн түймрийн эрсдэлийг түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүргээд байна. Ирэх өдрүүдэд агаарын хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа тул түймрийн нөхцөл байдал ойрын хугацаанд сайжрахгүй байх магадлалтай гэж анхааруулжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!