Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд үндэсний стандартыг төлбөрөөс чөлөөлж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүллээ. Ингэснээр стандартын хэрэглээ, хүртээмж нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 285 дугаар тогтоолоор баталсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын арга хэмжээний төлөвлөгөөнд үндэсний стандартыг худалдан авч хэрэглэдэг байдлыг өөрчилж, үнэ төлбөрөөс чөлөөлөхөөр тусгасан. Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 150 дугаар тушаалаар үндэсний стандартын баримт бичгийг төлбөрөөс чөлөөлжээ.

Өмнө нь үндэсний стандартыг хуудасны тооноос хамааран 5500-78700 төгрөгөөр худалдан авч ашигладаг байсан бол ийнхүү төлбөрөөс чөлөөлснөөр иргэн, аж ахуйн нэгжүүд шаардлагатай стандартыг үнэ төлбөргүй авч, үйл ажиллагаандаа мөрдөх боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 6657 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 3552 нь үндэсний стандарт байна.

Стандартыг үнэ төлбөргүй болгосноор стандартын хэрэглээ нэмэгдэж, хууль, техникийн зохицуулалтын хэрэгжилт сайжран, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшилнэ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэгчдэд шаардлагатай стандартыг ашиглах боломж нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл, экспорт, олон улсын худалдааг дэмжих ач холбогдолтой.

Энэ бодлоготой уялдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь стандартын хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, стандартчилал, техникийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.