Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 127.1 километр урт төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, монгол инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, эх орондоо хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр “Уулыг нүхэлж, усан дээгүүр гүүр барин төмөр замаа тавьж чаддаг болсны үр дүнд 127.1 километр төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байгааг хараад бахархлаа” хэмээн онцолсон байна.
Энэхүү цагираг хэлбэрийн төмөр зам ашиглалтад орсноор тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй болон химийн аюултай 34 нэр төрлийн ачааг нийслэл хотын төвөөр бус, хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэх юм. Энэ нь аюултай ачаа тээвэрлэлтийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Бүтээн байгуулалтын хүрээнд зарим хэсэгт 54 метр хүртэл гүн ухалт хийж, уул толгодыг нүхлэн, нийт 476 метр урт төмөр бетон гүүр барьж байна.
Төслийн ажилд 4000 гаруй инженер, техникийн ажилтан болон 95 дотоодын аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг монгол инженер, техникийн ажилтнуудын оролцоотойгоор гүйцэтгэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал бүтээн байгуулалтын ажилд оролцож буй инженер, техникийн ажилтнууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдэд баяр хүргэж, төмөр замыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулах боломжтойг онцоллоо.
Мөн эрчим хүч, дулаан дамжуулах болон бусад шугам сүлжээг шилжүүлэх, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нэмэлт бригад ажиллуулах үүрэг өгч, уг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!