Хүн бүрийн амьдралд чимээгүйхэн хичээж, өөрийгөө дайчилсаар ирсэн олон жил бий. Өглөө бүр шинэ өдрийг эхлүүлж, хийх ёстой зүйлсээ амжуулахын зэрэгцээ өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө алхсаар л.. Хэн ч анзаараагүй байж болох ч өөрийнхөө төлөө хийсэн жижигхэн алхам бүр ирээдүйн амьдралыг бүтээж буй.
Гэвч бид заримдаа урагшлахын төлөө хэтэрхий их яардаг. Илүү ихийг амжуулах, илүү өндөрт хүрэх, бусдаас хоцрохгүй байх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн өнөөдрийнхөө амар тайван байдлыг мартаж орхино. Өглөө эрт босож, орой болтол ажиллаж, ядарсан ч тэсэж, сэтгэл санаа тавгүй байсан ч бүхнийг хэвийн мэт үргэлжлүүлэх нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон мэт. Ингэхдээ хүн өөрийнхөө бие, сэтгэлд амрах шаардлага байгааг анзаарахгүй удах үе ч бий.
Үнэндээ амрах гэдэг зогсох гэсэн үг биш. Амралт бол өөрийгөө орхиж байгаа хэрэг ч биш. Харин олон өдрийн турш өөрөөсөө шаардаж ирсэн бүхнээс түрхэн зуур холдож, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох боломж юм. Хүн бусдын хэрэгцээ, хүлээлт, ажлын шаардлагын дунд амьдрахдаа өөртөө зориулах цагийг хамгийн сүүлд тавих нь элбэг. Гэвч өөрийгөө байнга хойш тавьсаар байвал нэг л өдөр ядарсан сэтгэл, туйлдсан бие хоёр өөрийн эрхгүй анхаарал шаардаж эхэлнэ.
Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлсээ эргэн харж, алдаа оноо бүхнээ хүлээн зөвшөөрч, өнөөдрийг хүртэл ирсэн өөрөөрөө бахархах нь ч бас урагшлах нэг хэлбэр юм. Хүн өөрийгөө зөвхөн амжилтаар хэмжих бус, хэчнээн олон удаа унасан ч дахин босож чадсан тэсвэрээрээ үнэлж сурах хэрэгтэй.
Амьдралын зам урт. Тиймээс бүхнийг өнөөдөр амжуулах албагүй. Зарим зорилго маргааш биелнэ, зарим мөрөөдөлд хүрэхэд олон жил шаардагдана. Харин тэр бүх хугацаанд өөрийнхөө дэргэд өөрөө үлдэх нь хамгийн чухал.
Олон жил хичээсэн шигээ цаашдаа ч хичээх хэрэгтэй. Зорилго, мөрөөдлөө орхихгүйгээр урагшилсаар байх нь амьдралын утга учрын нэг хэсэг. Учир нь амжилтад хүрэхээс илүүтэй тэр замыг эрүүл, тайван, өөртөө үнэнчээр туулж чадсан байх нь илүү үнэ цэнтэй байж болох юм.
Өнөөдөр өөртөө зориулсан хэдхэн цаг, хэсэгхэн амралт, тайван сууж бодох мөч бүхэн маргаашийн илүү их хүчийг бий болгодог. Хүн өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж чадсан цагт л бусдад ч, амьдралдаа ч илүү ихийг өгөх чадвартай болох буй за. Өөрийгөө хайрлах, өөртөө цаг гаргах, амрах эрхийг өөртөө өгөх нь амьдралаас ухарч буй хэрэг биш, харин амьдралаа илүү утга учиртай үргэлжлүүлэхэд хэрэгтэй хүчээ өөртөө өгч байгаа хэрэг юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!