Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах хүрээнд 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн бөгөөд өнөөдөр уг санхүүжилтийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан алба хаагчдад гардуулан өглөө. 

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, 

“ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЛБАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.  Дараагийн сайд томилогдох хүртэл төрийн ажил тасралтгүй үргэлжилнэ.   

Хар тамхины аюул гэдэг нэг хүн, нэг айлын асуудал биш. Энэ бол бидний хойч үе, ирээдүй, Монгол айл өрхийн амар тайван амьдрал, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй бодит аюул. Тиймээс энэ тэмцэлд төр нэг өдрийг ч алдаж, нэг алхам ч ухрах ёсгүй.

Салбарын сайдаар ажиллах хугацаандаа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тууштай тэмцэх, энэ чиглэлээр ажиллаж буй алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулахад онцгой анхаарч ажилласан.  

Хар тамхины хууль бус хэрэглээ, нийлүүлэлтийн далд сүлжээг таслан зогсоох, энэ аюулыг төр, засгийн бодлогын түвшинд төдийгүй олон нийтийн анхаарлын төвд авчрах шаардлагатайг удаа дараа ярьж, ХАР НЭРТЭЙ ЦАГААН ТАХАЛ болсон хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд хяналт тавих хуулийн төслийг ч УИХ-р хэлэлцүүлж эхэлсэн.

Хар тамхитай тэмцэх нь дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарын нэгдсэн бодлого, уялдаа холбоо, техник технологийн чадавх шаардсан үндэсний хэмжээний цогц тэмцэл юм.

Энэ хүрээнд Хар тамхитай тэмцэх болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулахад зориулан  2.9 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлүүлсэн.
Урьдчилан төлөвлөсөн хуваарийн дагуу өнөөдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанд ажиллаж, уг санхүүжилтийн эхний ээлжийн 10 суурин болон зөөврийн компьютер, бусад тоног төхөөрөмжийг алба хаагчдад гардуулан өглөө.

Гэмт хэрэг, зөрчилтэй өдөр, шөнийг үл ялган тэмцэж, иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг хууль сахиулах байгууллагын алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр 2027 оны төсөвт: 

- алба хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх, 

- онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30–40 хувьд хүргэх, 

- хоолны мөнгийг 100 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Цаашдаа ч алба хаагчдын цалин хөлс, хангамж, нийгмийн баталгааг хангалттай түвшинд хүргэхийн төлөө ажиллана.  

Мөн ХЗДХ-ийн салбарын алба хаагчдад зориулсан 15 мянган айлын орон сууцны төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна Хар тамхитай тэмцэх албыг өөрийн байртай болгох асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн.  

Шинээр томилогдох сайдтай хамтран энэ ажлыг үргэлжлүүлж, ажил хэрэг болгон Хар тамхитай тэмцэх албыг өөрийн байртай болгохын төлөө ажиллана.

Хар тамхитай тэмцэнэ гэдэг зөвхөн нэг гэмт этгээдтэй тэмцэж буй хэрэг биш. Энэ бол далд сүлжээ, зохион байгуулалттай бүлэглэл, үндэстэн дамнасан гэмт хэргийн бүхэл бүтэн системтэй тэмцэж буй нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй ажил.

Энэ тэмцэл мэргэжлийн өндөр ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр тэвчээр, сэтгэлийн асар их хат, золиос шаарддаг. Тиймээс албаны залуусынхаа ажилд өчүүхэн ч болов нэмэр болох үүднээс өөрийн гаршуулан тэжээхээр бэлтгэж байсан Ами, Арон нэртэй ах дүү хоёр герман хоньч нохойг удмын бичгийн хамт Хар тамхитай тэмцэх албанд хүлээлгэн өглөө.
Ами, Арон хоёртоо амжилт хүсье.  

Цаашид ч УИХ-ын гишүүний хувьд харанга дэлдэж буй хар тамхи, мансууруулах бодисын аюулын эсрэг эхлүүлсэн ажлуудаа тууштай үргэлжлүүлж, энэ чиглэлээр ажиллаж буй алба хаагчдаа бодлого, хөрөнгө оруулалт, техник технологи, нийгмийн баталгаагаар дэмжиж ажиллана. 

Хүүхэд, залуусынхаа ирээдүй, Монгол айл өрхийн амар тайвны төлөө энэ хүнд тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт алба хаагчдадаа хийморь золбоо, эр зориг, ажил үйлсийн өндөр амжилт хүсье. Та бүхний сүлд хийморь өөдөө байж, сүр жавхлан нь үргэлж бадарч явах болтугай.  Монголын минь заяа өөдөө байг” гэв.