Монгол Ардын Намын Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай, Архангай аймгийн МАН-ын хороодын үйл ажиллагаа, цаашдын зорилт, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж намын байгууллагын бүтэц, гишүүнчлэл, сонгуулийн үр дүн, хүний нөөцийн бодлого болон гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм.

Тэрбээр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, гишүүдийн оролцоо, идэвхийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. 

Харин Архангай аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид тус аймгийн намын байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар тайлагнав.

Архангай аймгийн МАН-ын хороо нь 19 сумын 101 намын үүрээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цахим бүртгэлд нийт 13,843 намын гишүүн бүртгэлтэй байна.

Мөн “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн 19 сумын 5,000 гаруй гишүүн, дэмжигчийг хамруулж, иргэд, гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулах, сум бүрийн цахим орчны идэвхжүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. 

Хангайн бүсийн зөвлөгөөнөөр орон нутгийн намын байгууллагын бүтэц, үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлага, цаашдын зорилтыг хэлэлцэж байна.