Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 22-24-нд нутгийн зарим хэсгээр бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу есдүгээр сарын 21-22-нд Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно.

Есдүгээр сарын 22-нд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг болон Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орох төлөвтэй байна. 

Харин 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орно. Мөн энэ үеэр ихэнх нутгаар агаарын температур буурч, сэрүүсэх төлөвтэй байна. 

Цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор иргэд, малчид, тээвэрчид орон нутгийн зам, давааны нөхцөл болон цаг агаарын шинэчилсэн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр анхаарч, холын замд гарахдаа бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.