Эрчим Хүчний Яамнаас зохион байгуулсан Говийн бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах аукционд үндэсний компаниудын нэгдсэн консорциум шалгарсан билээ. Тэгвэл уг төслийн технологийн болон санхүүгийн шийдлийг үгүйсгэж, шүүмжлэх хандлага сошиал орчинд гарч байна. Энэхүү аукционы талаар Диспетчерийн Үндэсний Төвийн албаны дарга, доктор Ц.Өнөрмаатай ярилцлаа.
Говийн бүсийг, тэр дундаа Оюу Толгой төслийг дотоодын сэргээгдэх эрчим хүчээр хангах аукционд үндэсний компаниудын консорциум ялсанд олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Мэргэжлийн хүний хувьд та энэ үр дүнг хэрхэн харж байна вэ?
Өмнөд бүсийн цахилгаан хангамжийн асуудал л даа. Одоогоор Оюу Толгой болон Цагаан суваргын орд газруудад гол хэрэглээ бий болоод байгаа болохоор Оюу толгойд их анхаарал хандуулж байх шиг байна. Тэгэхээр Оюу Толгой төслийн хувьд хэрэгжиж эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь урд хөршөөс авч байсан, олон жил "Оюу Толгой яагаад Монголоос цахилгаанаа авахгүй байна вэ, мөнгөө гадагшаа урсгалаа" гэж хатуу шүүмжлэлд байсаар ирсэн. Гэтэл дотоодоосоо Сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-ний шийдлээр энэ хэрэглээнийх нь 60 орчим хувийг эхний ээлжинд нийлүүлэх бодит боломж бүрдүүлээд хувийн хэвшил зоригтой орж ирж байхад эргээд л "хараат болно, бүтэхгүй" гэж эсэргүүцэж байгааг би мэргэжлийн хүний хувьд огт ойлгохгүй байгаа.
Хэрэглэгчдийн хувьд эргэлзээ байгааг ойлгож байна. Сэргээгдэх эрчим хүч саяхныг хүртэл өндөр үнэ тарифтай, дагаад эрчим хүчний зах зээлтөдийгүй хэрэглэгчдээ ч хүндрүүлж байсны зэрэгцээ, удирдан зохицуулахад хялбар биш байсан. Тэгвэл өнөөдөр технологийн дэвшлийн ачаар, “Power electronics”-ийн тусламжтай, хэрэглээний үсрэнгүй ахиц гарч, систем, сүлжээнд тохируулга, зохицуулалтыг удирдах түвшиндхөгжиж ирээд байна. Жилийн өмнөх юм байхгүй болоод байна.
Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний үнэ 9.4-17.3 цент ам.доллар/кВт байсныг өнөөдөр аукционы ачаар4.95-7.90 цент ам.доллар/кВт хүртэл бууруулж, зах зээлийн дарамтыг багасгаж, үндэсний бүтээгчид зориглон хөдөлж байгааг зөв харж ойлгоосой гэж бодож байна. Жишээ татья. 50 МВт нарны станц, 30 МВт чадал бүхий 100 МВт цаг бүхий батарей хуримтлуурын гибрид станц жилд ойролцоогоор 75 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг нийлүүлнэ. Хамгийн бага үнийн зөрүүгээр бодоход 3.56 сая $ буюу 12.8 тэрбум төгрөгийг хэмнэх буюу хэрэглэгчдийн ачааллыг хөнгөлөх бодит боломжийг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, олон хүндрэлийг туулж, дэлхийн олон улс орнуудтай зэрэгцэн энэ хүрээд байна. Энэ зам амаргүй байсан. Үе үеийн салбарын сайд нар хүнд байна гээд Засгийн газрын хурал дээр хүртэл яриад зогсож байсныг зарим хүн санаж байгаа байх аа. Гэхдээ бид энэ хүртэл явж, өнөөдрийн түвшинд шийдэл олж, гарц гаргаж чадлаа.
Аукционоор эрчим хүчний зах зээлийн хүрээг тэлж, сэргээгдэх эрчим хүчний нэгж тарифыг бараг 2 дахин буулгасан түүхэн амжилт гаргалаа. Энэ нь шууд утгаараа хэрэглэгчдийн нуруун дээрх ачааллыг багасгана аа л гэсэн үг.
Үнэндээ цаг хугацааны хувьд ч, стратегийн хувьд ч энэ бол өнөөдөртөө хамгийн зөв бөгөөд ганц бодитшийдэл. Бид урагшаа алхах ёстой болохоос биш, хий хоосон улс төржиж суусаар дахиад 10 жилийг алдаж болохгүй.
Мөн хараат гэдэг үгэнд туйлын болгоомжтой хандаасай гэж улс төрчдөөсөө хүсмээр байна. Монголын үнэт зүйл монгол хүн. Тэгэхээр хүнээсээ эхлээд энэ асуудал яригдах байх, өөрөөр хэлбэл оюун санаа сэтгэлгээний хувьд хараат болж уу, хүнс хоолны асуудал хараат байна уу гээд ярибал, юун эрчим хүч, түүнээс ч олон зүйл урган гарч ирэх байх. Ялангуяа хэрэглэгчдээ ийм айдсаар хүлж тавгүй байдалд оруулах нь зохимжгүй. Хэрэглэгчид болон инженерийн түвшинд биш үндэсний аюулгүй байдлын түвшинд Засгийн газар дээр ярих асуудал байх. Тэгээд ч цахилгаан хангамжийн асуудлыг дотоодоосоо шийдэх гэж зориглож, эхний шанг татаж байхад энэ үг агуулгын хувьд нийцэхгүй байгаа.
Шүүмжлэгчдийн зүгээс "Сэргээгдэх эрчим хүч тогтворгүй, нар жаргаж, салхи зогсоход Оюу Толгойн үйлдвэрлэл зогсоно" гэдэг айдас хүйдсийг нийгэмд төрүүлээд байна л даа. Энэ технологийн эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?
Системийн тогтвортой байдал, горим тооцоо гэдэг чинь өөрөө нарийн шинжлэх ухаан. Хэрэглэгчийн, түгээлтийн, дамжуулалтын, эх үүсвэрүүдийн үүсгэсэн лабирантад төөрөхгүйгээр системийн параметрүүдийн савлалтын рельефийг алдаа мадаггүй барьж авахыг хэлж байгаам аа. Тогтвортой гэдэг нь товчхондоо хэвийн ажиллахыг хэлээд байгаа. Таслахгүй, хязгаарлахгүй, аваар сааталгүй байна гэсэн үг.
Салхи, нар хосолсон станц барихаар байгаль цаг уураас хамааралтай сул тал үүсдэг нь үнэн. Гэхдээ консорциумын санал болгосон шийдэл нь байж болохуйц, тавигдсан шаардлагад нийцэж байсан. Тэд сэргээгдэх эрчим хүчний шийдлээ Өвөр Монголын эрчим хүчний системтэй хослуулж, тогтворжилтыг нь хангах хувилбар сонгосон байна лээ. Мэдээж цаашид хөгжүүлж харах зүйл хэрэгжилтийн шатанд гарах байх. Сэргээгдэх эрчим хүчний технологийн хувьсал өөрчлөлтийн хурдыг харвал 2030 онд ч дахиад сюрприз бариад сууж байхыг үгүйсгэх аргагүй боллоо. Дэлхий ногоон эрчим хүчээр амьсгалж, технологуудын хувьсал хурдалж байна.
Өөрөөр хэлбэл, манай станцууд эрчим хүчээ үйлдвэрлээд Оюутолгой төдийгүй өмнөд бүсийн хэрэглээг хангана, харин салхи, нарны энерги буурсан үед Өвөр Монголын системээс автоматаар тохируулга хийж, системийн тасралтгүй, аюулгүй байдлыг хангана гэсэн үг. Энэ бол санхүүгийн хувьд ч, технологийн хувьд ч одоогийн нөхцөлд хамгийн оновчтой, эрсдэлгүй хувилбар.
Шүүмжилж, мэтгэлцэж, хэлэлцэлгүй яахав. Гэхдээ хийж бүтээхэд илүү шамдая гэж хэлмээр байна.
Үнэндээ хилийн цаана байсныг наана татаж оруулж ирж байна гэдгийг л ойлгомоор байна даа.
Гэхдээ яагаад заавал Өвөр Монголоос хамааралтай тохируулга хийнэ гэж? Манайхан "BESS" буюу том чадлын батарей хуримтлуур ашиглаж болохгүй байсан юм уу гэж асууж байгаа?
Энд инженерүүд нарийн горимын тооцоог хийж, инженерчлэлийн бодит схем, нөхцөлийг дижитал загварт шилжүүлж, түүнийг загварчилж, математикаар үр дүнг харж байгаа юм. Үндэсний компаниудын консорциумын шийдэлд 10 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуур (BESS) тусгагдсан байна. Энэ хуримтлуурын гол үүрэг нь цахилгаан станцын дотоод тогтвортой ажиллагааг хангах, салхи, нарны эрчим хүчний агшин зуурын хэлбэлзлийг богино хугацаанд зохицуулах үүрэгтэйгээр оролцоно. Оюутолгойн хувьд “emergence situation”-д ажилладаг 40 МВт-ын өөрийн дизель станц байнгын ажилд зэрэгцээ орж ажиллана.
Харин шүүмжлэгчид хөрш орноос тохируулга авахгүй, зөвхөн батарейгаар системийн найдваржилтыг 99.5 хувьтай хангана гэж ч ярьж үзэж байна. Зөвхөн Оюутолгойг BESS-ээр хангана гэвэл, техникийн болон санхүүгийн хувьд үр ашиггүй. Оюутолгой уурхай тасралтгүй 220–230 МВт ачаалалтай байгаа бөгөөд шөнө нарны эрчим хүчгүй, салхигүй үед энэхүү чадлыг 10 цагийн турш хангахын тулд дунджаар 2,200-2,300 МВт.цаг батарей хуримтлуур шаардагдана. Ийм батарейг цэнэглэхийн тулд дагаад салхи, нарны станцын хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай болох бөгөөд Монголын эрчим хүчний систем ч одоохондоо энэ түвшинд арай хүрээгүй байна. Ямх ямхаар алхам бидэнд хэрэгтэй байна.
Тийм учраас тарифыг хамгийн боломжит бага түвшинд барьж, төслийг бодитоор хөдөлгөхийн тулд "Салхи 170 МВт + Нар 100 МВт + Дотоод тогтворжилтын 10 МВт.цаг хуримтлуур + Хөршийн системийн тэнцвэржүүлэлт" гэсэн энэ хувилбар болж байгаа ба санхүү болон технологийн хувьд бодитой, оновчтой шийдэл болж байна.
Цаашдаа бид 100 хувь Монголоосоо Оюутолгойг найдвартай хангах боломж бий юу? Хөрш орноос тохируулга авах хамаарлыг хэрхэн бууруулах вэ?
Мэдээж байна. Энэ бол зөвхөн эхний шат. Цаашдаа бид тохируулгын станцыг Монголдоо, тэр дундаа Говийн бүсдээ барьж байгуулснаар Оюутолгойн орд газрыг төдийгүй өмнөд бүсийн хэрэглээг 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах бүрэн боломжтой болно.
Энэ аукционтой холбоотой Тавантолгойн станцыг барихгүй боллоо гэдэг мессежийг өгөөд байна лээ. Энд Тавантолгойн төсөл хамааралгүй, харин ч дагаад босох ёстой төслийн нэг гэж харж байгаа.
Гэхдээ Тавантолгойн станц баригдсан ч дангаараа системийн тогтворжилтыг хангаж чадахгүй. Нүүрсэнд суурилсан станцуудын маневр хийх хугацаа хамгийн хурдандаа 5-15 минут байдаг. Дээд тал нь 6 цаг. Тэгэхээр Тавантолгойн станцаар бас аукционы асуудлыг хаах, бүдэгрүүлэх гэж оролдож байгаа нь гарц биш ээ.
Эрчим хүчний системийг тэнцвэржүүлэх тохируулгын станцын хувьд өмнө нь хийн турбин болон ус хуримтлуурт болон усан цахилгаан станц (УЦС) гэсэн хоёр үндсэн сонголт байдаг байлаа.Одоо батарейн технологи орж ирж байна. Харин Монголын говийн бүсэд усан цахилгаан станц барих ямар ч техникийн болон байгалийн боломж байхгүй. Иймд сэргээгдэхийн эх үүсвэрт суурилсан хувилбарууд гарц болж байгаа юм аа.
Тэгвэл говьд хийн турбинт станц барих нь дараагийн гарц байх нь ээ? Хийн түүхий эдээ хаанаас авах вэ?
Яг зөв, хийн турбин бол хамгийн зөв гарц. Хийн нийлүүлэлтийн хувьд бидэнд хоёр том боломж харагдаж байгаа. Нэгдүгээрт, ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойноос нийлүүлэлт авах боломж хууль эрх зүй, хэлэлцээрийн түвшинд яригдана.
Хоёрдугаарт, манай говийн бүсэд сүүлийн үед маш эрчимтэй судалгаа хийгдэж, олон улсын түвшинд тодорхой бодит үр дүнгүүд нь гараад эхэлчихсэн нүүрсний давхаргын хий буюу "Coalbed Methane" (CBM) байна. Энэ чиглэлд Jade Gas, Elixir Energy, TMK Hydroelectricity зэрэг компаниуд амжилттай хайгуул, туршилт хийж, хийн арвин нөөц байгааг тогтоосон. Энэхүү дотоодын нүүрсний давхаргын хийг ашиглан хийн турбинт станц барихад бид Оюутолгойг төдийгүй говийн бүсийг 100 хувь Монголын эх үүсвэрээр хангаж, системийн аюулгүй байдлыг гартаа авах болно. Одоо хийгдэж байгаа аукционы төсөл бол энэ том ирээдүйн хамгийн анхны, хамгийн чухал суурь алхам юм.
- Цаг гарган мэргэжлийн бодит мэдээлэл өгсөн танд баярлалаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!