Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастай-Бурхантын аманд байрлах айлын гэр рүү баавгай дайрсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид тухайн газарт шуурхай очиж ажилласан байна. Шалгалтаар тус газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн гэртээ амарч байхад нь баавгай гэр рүү нь дайрч, 40 настай эрэгтэйг барьсны улмаас амь нас хохирсон нь тогтоогджээ.
Харин хамт байсан эмэгтэй гэрээс зугтан гарч чадсан бөгөөд нүүр хэсэгтээ самардуулж гэмтсэн байна. Тэрбээр эмнэлгийн байгууллагад хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг хэрэгт бага насны хүүхэд өртөөгүй байна.
Одоогоор Нийслэлийн Байгаль орчны газар болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид баавгайг эрэн хайж, аюулгүй болгох ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн он гарсаар нийслэлийн Байгаль орчны газарт баавгайтай холбоотой 597 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, тухай бүрт холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!