Загварын тайзнаа дэлгэгдсэн асар том далавч, гялалзсан гоёл, дэлхийн хамгийн алдартай моделиудын алхалт. Нэгэн цагт дотуур хувцасны брэндийн танилцуулга төдий байсан шоу хэрхэн дэлхийн хэмжээний поп соёлын үзэгдэл болж хувирсан бэ? 

1977 он. АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод Рой Рэймонд хэмээх бизнес эрхлэгч нэгэн шинэ санаагаа ажил хэрэг болгов. Тэрээр эрчүүдэд эхнэр, найз бүсгүйдээ дотуур хувцас сонгоход тухтай орчин бүрдүүлэхийг зорьж, “Victoria’s Secret” брэндийн анхны дэлгүүрийг нээжээ.

Тухайн үед дотуур хувцасны худалдаа өнөөдрийнх шиг загвар, гоо зүй, тансаг хэрэглээтэй нягт холбогдоогүй байв. Харин Рэймондын санаа нь дотуур хувцсыг зүгээр нэг хэрэглээний бүтээгдэхүүн бус, эмэгтэйлэг байдал, өөртөө итгэх итгэл, хувийн хэв маягийн илэрхийлэл болгон харуулахад чиглэж байлаа.

1982 онд бизнесмэн Лесли Векснер уг компанийг худалдан авч, брэндийн хөгжлийг шинэ шатанд гаргасан юм. Тэрээр “Victoria’s Secret”-ийг АНУ даяар өргөжин тэлэх, каталогийн худалдаа болон загварын маркетингийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Ийнхүү жижиг дэлгүүрээс эхэлсэн бизнес дэлхийн олон оронд танигдсан дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүний брэнд болон өргөжсөн түүхтэй.

“Victoria’s Secret”-ийг дэлхий дахинд таниулсан хамгийн том үзэгдлүүдийн нэг бол мэдээж “Victoria’s Secret Angels” буюу “Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд” юм.

Далавч зүүсэн моделиуд тайзнаа алхаж, хувцас загварыг хөгжмийн тоглолт, гэрэлтүүлэг, тайзны урлагтай хослуулсан нь брэндийн онцгой дүр төрхийг бүтээсэн билээ.

1990-ээд оны сүүл үеэс загварын шоунд далавчтай төрх улам тодорч, улмаар брэндийн таних тэмдгүүдийн нэг болжээ.

Тэр дундаа Тайра Бэнкс, Жизель Бюндхен, Адриана Лима, Алессандра Амбросио, Хайди Клум зэрэг моделиуд Victoria’s Secret-ийн тайзнаа алхсанаар олон улсын хэмжээний одууд болж, өөрсдийн нэр хүндийг загварын салбарт бататгасан юм.

Эдгээр моделиудын хувьд тайзнаа алхах нь зөвхөн шинэ коллекц танилцуулах ажил биш байв. Тэдний төрх, алхалт, тайзны дүр бүтээх чадвар нь брэндийн сурталчилгааны гол хэсэг болж, загварын ертөнцөөс давсан сонирхлыг бий болгосон билээ.

1995 онд анх зохион байгуулагдсан “Victoria’s Secret Fashion Show” нь цаг хугацааны явцад загварын салбарын хамгийн их анхаарал татдаг арга хэмжээнүүдийн нэг болжээ. 

Тус шоуг бусдаас ялгаруулдаг зүйл нь зөвхөн дотуур хувцас биш. Хөгжмийн оддын амьд тоглолт, тусгай загвараар урласан далавч, сүрлэг тайз, гэрэлтүүлэг, загвар өмсөгчдийн үзүүлбэр гээд олон төрлийн урлагийг нэг дор нэгтгэдэгт оршино.

Шоуны бас нэгэн онцлох хэсэг нь “Fantasy Bra” байв. Үнэт чулуу, очир эрдэнээр чимэглэсэн тусгай хөхний даруулга нь тухайн үеийн загварын шоуны хамгийн их яригддаг бүтээлүүдийн нэг болж байлаа.

2000 онд Жизель Бюндхен 15 сая ам.долларын үнэлгээтэй “Red Hot Fantasy Bra”-г танилцуулсан нь уг брэндийн түүхэн дэх хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг юм. Энэ бүтээл тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй дотуур хувцасны нэг гэдгээрээ алдартай болжээ. 

Гэвч шоуны амжилт зөвхөн тансаг хэрэглээ, гял цал байдлаар хэмжигдэхгүй. Энэ арга хэмжээ загварын салбарын чиг хандлага, алдартнуудын соёл, олон нийтийн гоо сайхны талаарх ойлголтод хүртэл нөлөөлсөн юм.

2019 онд “Victoria’s Secret Fashion Show”-ийг цуцалсан нь брэндийн түүхэн дэх томоохон эргэлтийн цэгүүдийн нэг болов. Тухайн үед шоуны үзэл баримтлал, эмэгтэйчүүдийн биеийн галбирыг дүрслэх арга барил, гоо сайхны нэг хэвийн стандартыг сурталчилж байгаа эсэх талаар шүүмжлэл нэмэгдэж байлаа.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр загварын салбарт ч шинэ шаардлага тавигдаж эхэлсэн юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг зөвхөн нэг төрлийн биеийн галбир, нэг төрхтэй холбох нь хэр зохистой вэ гэх асуулт улам хүчтэй тавигдах болсон.

Ийнхүү зургаан жилийн завсарлагааны дараа “Victoria’s Secret Fashion Show” 2024 онд эргэн ирсэн юм. Энэ удаагийн шоу өмнөх үеийнхээ танил төрхийг хадгалахын зэрэгцээ олон янзын биеийн галбир, гарал үүсэл, хэв маягийг илүү өргөнөөр харуулахыг зорьжээ. 2025 онд ч шоу үргэлжилж, загварын үзүүлбэрийг олон улсын хөгжмийн оддын тоглолттой хослуулсан байна.  

Victoria’s Secret-ийн домогт загварын шоу 2026 оны аравдугаар сарын 18-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж, загварын ертөнцийн алдарт моделиудыг нэгэн тайзнаа цуглууллаа. Энэ жилийн шоуны онцлох мөчүүдийн нэг нь Gigi Hadid, Adriana Lima, Bella Hadid зэрэг танил нүүр царай эргэн ирсэн явдал байв.

Мөн Megan Thee Stallion, Tate McRae, Megan Moroney, KATSEYE нарын хөгжмийн үзүүлбэр загварын тайзыг амьд тоглолттой хослуулжээ. Харин үнэт чулуу, тансаг хийцээрээ алдартай “Fantasy Bra” найман жилийн завсарлагааны дараа эргэн ирсэн нь брэндийн уламжлалт шоуны нэгэн онцлох үйл явдал боллоо.   

NBA-ийн домогт сагсан бөмбөгчин Коби Брайантын ууган охин, 23 настай Наталья Брайант аравдугаар сарын 18-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болсон Victoria’s Secret Fashion Show 2026 загварын шоунд анх удаа оролцжээ. Тэрбээр Victoria’s Secret-ийн PINK брэндийн тод ягаан өнгийн хувцас, гялалзсан жинсэн өмд, мөнгөлөг өндөр өсгийтөөр гоёж, загварын тайзнаа алхсан байна. Тус шоунд Жижи Хадид, Адриана Лима, Кэндис Свейнпол зэрэг алдартай загвар өмсөгчид мөн оролцжээ. Наталья Брайант 2021 онд IMG Models агентлагтай гэрээ байгуулж, 2023 онд Миланы загварын долоо хоногийн үеэр Versace брэндийн шоунд оролцсоноор загварын тайзнаа анх хөл тавьсан юм. Тэрээр Victoria’s Secret-ийн шоунд оролцох болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлж, багаасаа үзэж өссөн алдартай шоундаа оролцох нь түүний хувьд онцгой үйл явдал болохыг онцолжээ. 


Кайли Женнер 2026 оны Victoria’s Secret” загварын шоунд анх удаа загвар өмсөгчөөр оролцож, Fantasy Bra-г өмсөн тайзнаа алхлаа.  Түүний өмссөн гоёлын хөхний даруулгыг 4,410 байгалийн алмаазаар чимэглэж, төв хэсэгт нь 75.54 каратын шар алмааз шигтгэжээ. 

Jacob & Co.-той хамтран бүтээсэн уг ховор загварыг 15 дархан нийт 1,000 цагийн турш урласан бөгөөд үнэ цэнийг нь 50 сая ам.доллар гэж мэдээлсэн байна.