“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форум өнөөдөр болж байна. Уг форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 өрхийг цахилгааны аюулгүй холболт, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран гэр хорооллын цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулна гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар утаа ихтэй бүсийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна. Агаарын бохирдол нь нэг эх үүсвэрээс улбаалдаггүй учраас шийдэл нь ч нэг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй юм. Тиймээс “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд айл өрх, уурын болон усан халаалтын зуух, автомашин зэрэг утаа үүсгэгч эх үүсвэр бүрд тохирсон шийдлийг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна гэдгээ хотын дарга Б.Пүрэвдагва танилцууллаа.
Тэрээр “Агаарын бохирдол хамгийн өндөр гурван бүсэд 73 мянга гаруй өрх буюу нийслэлийн айл өрхийн 45 орчим хувь нь амьдарч байгаа юм. Эхний ээлжид дээрх өрхүүдийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлэхээр нийслэлийн зүгээс шат дараатай ажлуудыг хийж байна. Нийслэлийн 26 байршилд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг нэг дор шийдсэн цогц орчныг бий болгохоор ажиллаж байна” гэв.










Яндан буулгах талаар ажил хэрэг зөрчилдөж байна. Яндангүй цахилгаанаар халаалтаа шийдсэн 380 квт холболттой айлуудын шөнийн хөнгөлтийг урд жилүүдэд 3000 квт ийн хэрэглээг бүрэн чөлөөлж, илүү гарсанг 50 хувь хөнгөлж байсан. ЭНЭ жил зөвхөн 1500 квт ийн хэрэглээг хөнгөлөх боллоо. 4-10 квт ийн цахилгаан халаалтт тавиулсан айлуудад 1500 квт ийн хөнгөлөлт юу ч болохгүй. НЭГЭНТ ингэж хөнгөлж байгаа бол айлууд нүүрсээ түлэх хэрэгтэй болж байна.