Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомсдолоос шалтгаалан хотын төвийн 18 шатахуун түгээх станцад автомашины оочер үүсэж, хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл буурчээ. Харин нийслэлээс шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өнөөдрийн байдлаар дундаж хурд 15 км/цаг болж нэмэгдсэн байна.
Энэ талаар өнөөдөр хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хэлэлцэж, хотын дарга Б.Пүрэвдагва нийт 264 шатахуун түгээх станцад хяналт тавих “Нийслэлийн хяналтын ажлын хэсэг”-ийг маргаашаас ажиллуулах үүрэг өглөө. Түүнчлэн 2026 оны 8 дугаар сарын 10-наас эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Шуурхай штаб замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр тогтмол ажиллаж байна. Хотын дарга Б.Пүрэвдагва шатахуун түгээх станцуудыг нөөц, түгээлтийн мэдээллээ иргэдэд нээлттэй хүргэх, шатахууны түгээлтийг шуурхай зохион байгуулах, замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг үүрэг болгожээ.
Мөн холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож, шаардлагатай бол газрын эрхтэй холбоотой захиргааны арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ. Нийслэлээс замын түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн зам, ухаалаг гэрлэн дохио, их багтаамжийн тээвэр гэсэн зургаан чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!