Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (НДХ)-ийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагаас улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тодруулбал тус хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй 80 орчим иргэнийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамчаар оруулж, төд удалгүй устгадаг байсныг цагдаагийнхан урьдчилсан байдлаар илрүүлсэн байна.
Хэрэг бүртгэлтийн явцад дээрх албан тушаалтнууд нь арилжааны банкнаас зээл авч буй иргэдэд аж ахуйн нэгжийн албан бланк дээр хуурамчаар цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгснийхөө төлөө хүн тус бүрээс 4-5 сая төгрөгийн шан харамж авч байсан тухай мэдээлэл байна.
Түүгээр ч зогсохгүй дээрх хүмүүсээр хуурамч баримт бүрдүүлүүлж авсан дээрх 80 орчим иргэн ТҮЦ машинаас тодорхойлолт аваад арилжааны банкуудад аваачиж өгөн нэг нь л гэхэд 30 орчим сая төгрөгийн зээл авсан, бусад хүнтэй хамтран зээлдэгчээр оролцон банкуудад 1.6 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!