Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 2-ноос эхлэн 139 улсын байцаагч 330 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийжээ. Шалгалтад  151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ, дэлгүүр, 39  хүнсний үйлдвэр цех, 139 ресторан эвент холлууд багтсанаас  532 зөрчил илэрчээ.

 

Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боов үйлдвэрлэж байсныг зогсоожээ. Мөн 5 АНН, 12 иргэнийг 11 сая 450 мянган төгрөгөөр торгож, 6 ААН-д албан даалгавар хүргүүлсэн байна.  Түүнчлэн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг хураан авчээ.

 

Мөн “Жүр Үр” ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан байна. 

 

НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш зөрчлүүдийн талаар "Нийтдээ 127 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлсэн. Энэ дундаас Төв аймагт 11.21-ний өдөр "Морьтхангай" ХХК-ийн үйлдвэрлэсэн Морьтон нэрийн 0.5л, 0.75 литрийн савлагаатай архинаас альдегид, сувсны тос гарсан. Энэ нь стандартын хэмжээнээс их гарсан тул татан авалтыг хийлгүүлж байгаа.

 

Мөн мах боловcруулах үйлдвэрүүд хадгалах хугацаа дууссан хиам, зайдсыг дэлгүүрүүдээс буцаан татаад нохой, гахайн хоолны зориулалтаар ААН, иргэдийн гар дээр дахин худалдаалдаг зөрчил илэрсэн. Авсан иргэд цааш нь худалдаалж байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.