НИТХ-ын хуралдаанаар энэ сарын 2-ны өдөр баталсан “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын эхлэн нийслэлд авто зам ашигласан хураамжийг 2000 хүртэл мотортой суудлын автомашинаас 100 мянга бусад автомашинаас 150-300 мянга хүртэл төгрөгийн хураамж авахаар шийдвэрлээд байсан юм.

 

Гэвч өнгөрсөн хугацаанд тус шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шийдвэрийг эргэж харахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд чиглэл болгосон юм.   Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж санал хураахад 19 төлөөлөгч дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл НИТХ-ын төлөөлөгчдийн 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөрийг шал өөр зүйлд зарцуулах гээд байгаа юм биш шүү дээ. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг сургууль цэцэрлэг барих эсвэл ажлын тавилга сандал болгоод байгаа асуудал байхгүй. Хотод замтай холбоотой шийдэх ёстой асуудал олон. Тэгээд ч зүгээр ч нэг 5 дахин нэмнэ гэж тооцоо гаргачихсан юм биш.

 

Иргэн 100 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төллөө гэж бодоход сардаа 8000 гаруй төгрөг л төлж байгаа хэрэг.  Гэтэл улс төржүүлээд байна. Хураамжаа төлөхгүй гэж жагсаж цуглаж байна. Хураамжаа төлж чадахгүй гэж эсэргүүцдэг хэрнээ 100 км-т 20 литр бензин зарцуулдаг машин унадаг газар Монголоос өөр байхгүй" хэмээв.