Урлагийнхнаас хар тамхины хэрэгт холбогдож,  аавын хаалга татсан нь цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд л дуучин Б.Амархүү уг хэргээр ял сонсч, гурван сар хоригдсоны эцэст Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарсан. Гэвч түүнийг батлан даалтад гарах өдөр “Мотив” хамтлагийн ахлагч Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр  Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэн. Тэрбээр өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр нэг жилийн ял авч байсан юм. Гэвч Г.Эрдэнэбаяр нь цагдан хорионы шүүх хуралд орж байхдаа гавтайгаа зугтжээ. Түүнийг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан байна. Түүнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан, биедээ авч явсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол одоо давхар оргон зайлахыг завдсан зүйл анги нэмэгдэж байна.