Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөл  тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын талаар хэлэлцжээ. Улмаар өөрсдийн байр суурийг УИХ-ын гишүүдийн анхааралд хүргэхээр хэвлэлд хандлаа.  

 

Тус холбооныхон "ҮАБЗ-ийн дагуу Засгийн газраас хууль өргөн барих замаар Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох замаар тэтгэврийн зээлийг тэглэж буйд талархаж байгаа ахмадууд байгаа ч гомдолтой хүмүүс ч бий.   

 

Зээл тэглэх нь зөвхөн нэг удаагийн гал унтраасан арга хэмжээ тул нэгдсэн бодлогоор ахмадуудын тэтгэврийг нэмж, зөрүүг арилгах арга хэмжээ авахыг санууллаа. 

 

Түүнчлэн Монголын ахмадын холбооноос 

  • Тэтгэврийн зээлийг тэглэх хувилбар нь нэг хэсэг ахмадуудын амьжиргааг түр зохицуулсан өрөөсгөл асуудал тул тэтгэвэр, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

 

  • Тэтгэврийн зөрүүг арилгах талаар үе үеийн төр засгийн газраас бодлого мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч одоо болтол арга хэмжээ аваагүй. Сүүлийн 6-7 жилд сард 20 гаруйхан мянган төгрөг нэмсэн болж адил ажил, мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна. Тиймээс нэгэнт хөрөнгийн эх үүсвэр бий болсон энэ боломжийг ашиглаж, тэтгэврийн зөрүүг арилгахад хөрөнгө гаргах, эхний ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78 мянга орчим ахмадын тэтгэврийн зөрүүг бүрэн арилгаж наад зах нь 150 мянган төгрөг сар бүр зөрүүд нь олгохоор тооцоход жилдээ 140 гаруй тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэх 

 

  • Ахмад настнуудыг өдөр тутмын амьжиргааны баталгаатай орлого болох тэтгэврийг арилжааны банкуудын бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг олох бүтээгдэхүүн болгож ирсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд гурав хүртэлх сарын тэтгэврээ хүүгүйгээр урьдчилан авдаг хуулийн зохицуулалт хийж өгөх

 

  • Сөрөг үр дагавар гаргахгүйгээр зургаан сая хүртэл төгрөгийн зээлийн өрийг тэглэх

 

  • Зах зээлийн зарчимд нийцсэн, хамгийн гол нь ахмад настан иргэн бүр шударга, адил тэгш хүртэл зарчмаар сэтгэлийн хөөрөлд өртөлгүй шийдвэр гаргахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.