Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг бусдаас авлига авсан байж болзошгүй хэмээн мэдээлэгдэж байсан. 

 

Гэвч тэрбээр авлигын хэрэгт бус түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан хэмээн буруутгагдаж шалгагдаж байгаа аж.

 

Тус аймгийн хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын нутгаас дээрх ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг саатуулж, түүхий эдийг нь багаж хэрэгслийг хураажээ. 

 

Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулжээ. Гэвч тус дуудлага худалдаагаар худалдсан дэрвэгэр жиргэрүүг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан хэмээн буруутгаж байгаа гэнэ. 

 

Нэлээд хэмжээний буюу олон тонн дэрвэгэр жиргэрүүг ийм байдлаар худалдсан байж болзошгүй гэх хэргийн мөрдөн байцаалт хараахан дуусах болоогүй аж. Ш.Оргилтой хамт Сэлэнгэ аймгийн Засаг даргын харьяа хэд хэдэн агентлагийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж талаар Өнөөдөр сонин мэдээлсэн байна.