Угаарын хийд хордсоны улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй бүртгэгдсэн тул төвийн зургаан дүүргийн айлуудад 200 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулахаар болсон. Эхний ээлжинд 20 мянган өрхөд суурилуулах төхөөрөмжийг нийслэлд авчирсан байна.
Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн. Төвийн зургаан дүүргийн өрх бүрт тараах ажил өнөөдрөөс эхэлж байна. Эхний ээлжид Хан-Уул 1285, Баянзүрх 5000, Чингэлтэй 3450, Баянгол 1422, Сонгинохайрхан 6933, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараахаар төлөвлөсөн. Угаарын хий мэдрэгчийг зааварчилгаа, зөвлөмжийн мөн хамт тараана” гэлээ.
Дараагийн 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирнэ. Ингээд тасралтгүй гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил хийгдэж дуусна гэдгийг албаныхан энэ үеэр онцолж хэлэв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек энэ талаар “Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэдгийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд иргэд тасалгааныхаа агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатай. Мөн түргэн тусламж руу залгах нь зүйтэй. Ногоон гэрэл нь 30 секунт тутамд анивчиж байна. Энэ нь тухайн угаарын хий мэдрэгчийг хэвийн ажиллаж байгааг илэрхийлэх юм. Шар гэрэл нь мэдрэгчид алдаа гарсныг илтгэнэ. Төхөөрөмжийг өрх бүрт гарын авлагын хамт тараана. Гарын авлага хоёр хувь байх бөгөөд тус бүрийн ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална" хэмээн ярилаа.



Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!